УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал ирэх лхагва гаригт буюу наймдугаар сарын 19-нд болно.

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшилж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Тодруулбал, Д.Дамба-Очир нь “Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэнд буруутгаж буй.