БАРИМТ: Төрийн өмчит ГСАЗ компани бусдад 540 гаруй сая төгрөг шилжүүлээд мартсан уу, эсвэл…

БАРИМТ: Төрийн өмчит ГСАЗ компани бусдад 540 гаруй сая төгрөг шилжүүлээд мартсан уу, эсвэл…

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай хүнд даацын авто замыг 2010 онд MCS компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байв. Улмаар 2014 онд тус авто замыг Засгийн газар худалдаж авч, эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлж, “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ ХХК өнөөдрийг хүртэл тус авто замын хариуцагчаар ажиллаж байгаа юм.

Товчхондоо, “Гашуун Сухайт Авто Зам” төрийн өмчит компани тус авто замын засвар, арчилгааг хариуцаж, нүүрсний тээвэр хийж буй компаниудаас авто зам ашигласны төлбөр авч, маш их хэмжээний орлого олдог гэсэн үг юм. Тухайлбал, 2018 онд тус авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэгдэж, “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/  компани 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, тус Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км замын засварын ажилд 22 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байжээ.

-“БИТУМ” ХУДАЛДАН АВНА ГЭЖ ИРГЭН Т-Д 85 САЯ ГАРУЙ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ, МӨН ТҮҮНИЙГ ТУС КОМПАНИД АЖИЛД АВЧЭЭ-

Улсын мөнгө ёолдоггүй гэх үг бий. Тэгвэл “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийг тойрсон хэл ам сүүлийн үед гарах болжээ. Учир нь тус компанид саяхан санхүүгийн шалгалт ороход, нэлээдгүй хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 24-ны өдөр иргэн Т-ээс “битум” худалдан авах, тээвэрлэх нийт 66 гаруй сая төгрөгийн гэрээ, мөн тус оны зургадугаар сарын 3-ны өдөр дахин 20 тонн битум худалдан авах 28 гаруй сая төгрөгийн нийт хоёр гэрээг байгуулж,

иргэн Т-ын данс руу нийт 85 гаруй сая төгрөгийг “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компаниас шилжүүлсэн боловч гэрээний дагуу “битум” нийлүүлэгдсэн нь баталгаажихгүй байгаа ажээ.

Харин иргэн Т-тэй зургадугаар сарын 3-ны өдөр 20 тонн битум худалдан авах гэрээ байгуулсан өдрөө буюу 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар “хөдөлгөөнт эргүүлийн ажилтнаар”, мөн оны долдугаар сарын 1-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар иргэн Т-г Зам засвар арчлалтын албан Даамлын орон тоонд шилжүүлэн ажиллуулсан байжээ.

- ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ КОМПАНИАС 284 САЯ ТӨГРӨГИЙГ ИЛҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Мөн “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компани нь 2019 оны Долдугаар сарын 3-ны өдөр Оюут налайх констракшн ХХК-тай 239 км авто замын засвар арчлалт, хоёр түр зам, 20 ширхэг түр зогсоолын ажилд шаардагдах машин механизм, техникийн түрээс нэрээр өөрөө буулгагч самосвал машин 13 ширхэг, замын индүү 1 ширхэг, экскаватор 1 ширхэгийг түрээслэн ажиллуулахаар 432 сая гаруй төгрөгийн гэрээ хийж, Долдугаар сарын 04-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 216 сая гаруй төгрөг, тус сарын 8-ны өдөр 30 хувь болох 129 сая гаруй төгрөгийг, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 86 гаруй сая төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй байжээ. Мөн түр зогсоол, түр замын ажилд Оюут налайх консракшн ХХК-иас 4 өөрөө буулгагч машин, 1 экскаватор ажилласан боловч, 13 өөрөө буулгагч машин, 1 индүү, 1 экскаватор гэрээний дагуу бүрэн ажилласнаар тооцож ажлын гүйцэтгэл гаргаж төлбөрийг бүрэн шилжүүлж авсан зөрчил гарсан байна.

Гүйцэтгэлээр 4 өөрөө буулгагч машин, 1 экскаватор ажилласнаар тооцоход тус компанид 284 сая гаруй төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчил илэрчээ.

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ КОМПАНИАР 495 САЯ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙЛГЭСЭН БОЛ, 77-94 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН ХОЁР АЖИЛ НЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДААГҮЙ БАЙНА-

Харин “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компани нь  замын хэсгүүд дээр 21,000 м2 тэнхлэгийн цагаан зураасыг нэр бүхий компанитай 495 сая гаруй төгрөгийн гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн ч, тус компани нь “Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил” хийх тусгай зөвшөөрөлгүй байсан байгаа юм. Мөн нүүрс тээврийн замд тээвэр хийж байгаа 4 мянга гаруй жолооч болон Цагаан хад суурьшлын бүсэд үйлчилгээ үзүүлж буй иргэдийг эрүүл мэндийн нэг удаагийн үзлэг, шинжилгээнд хамруулахын тулд 94 гаруй сая төгрөгийг Улсын нэгдүгээр эмнэлгийн Төрийн сан дахь харилцах дансанд шилжүүлсэн боловч тус ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа ажээ.

Улмаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ-тай 2019 оны хоёрдугаар сараас мөн оны тавдугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийн 150 ажилтанд сургалт хийлгэхээр 77 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн боловч тус сургалт огт явагдаагүй байжээ. Тус компанийн энэхүү зөрчлүүд нийт дүнгээрээ 540 сая гаруй төгрөг болж байгаа юм.

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТАТААСНЫ ХҮН ТУС КОМПАНИЙГ УДИРДАЖ БАЙГАА ЮУ-

“Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийн гүйцэтгэх захирлаар Б.Баяндэлгэр гэх эрхмийг 2019 оны дөрөвдүгээр сард томилсон байна. Гүйцэтгэх захирлыг томилоход “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж, шийдвэр гаргадаг байна. Гэсэн хэдий ч түүний томилгоонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн байж болзошгүй юм.

Учир нь “Гашуун Сухайт Авто Зам” /ГСАЗ/ компанийн гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз, журмын нөхөр гэдэг байна. Мөн төрийн өмчит энэхүү авто замын компанийг мэргэжлийн “авто замын инженер” хүн удирдах нь зүйд нийцэх байтал гүйцэтгэх захирлын томилгоо тийм байгаагүй байж болзошгүй байна. Тодруулбал, Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд, тэрээр өмнө нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Үргэлжлэл бий …