Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал энэ сарын 19-ныг хүртэл хойшиллоо

Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал энэ сарын 19-ныг хүртэл хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн. 

Хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшилж байна.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Тодруулбал, Д.Дамба-Очир нь “Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэнд буруутгаж буй. 

 Эрүүгийн хуульд:

3.4.1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.

3.1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Яг энэхүү заалтаар ЖДҮХС-ийн зээлд холбогдсон, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.5 жилийн ял оноогоод байгаа билээ.