Өчигдөр /2020.08.03/ шөнийн 21:48 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 115-р байрны зургаадугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж, улмаар 23 настай Б өндрөөс унаж газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан билээ.
Улмаар энэ талаар ОБЕГ-аас “галыг унтраах үед хөл, толгойг нь скочоор ороосон, 46 настай, эмэгтэй цогцос олдсон” талаар мэдээлж, олон нийтийг цочирдуулсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Тус хоёр хүн нь нэг гэр бүлийн ээж, хүү хоёр байсан нь тогтоогдсон. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир нарийн, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэл мэдээллийн албаныхан ч мөн энэ талаар худал, ташаа мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.
Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “23 настай Б нь наймдугаар сарын 2-ны өдрөөс хойш хоёр өдрийн турш эхийгээ хүлээтэй байлгаж, тамласны дараа амийг нь хөнөөгөөд, хэргийн ул мөрөө баллахын тулд гал түймэр тавьж, өөрөө үсэрч амиа егүүтгэсэн байж болзошгүй. 46 настай талийгаачийг гэрээс гаргах үед хоолой нь маш гүн шархтай, толгойг биеэс унагахгүйн тулд скочоор дарж скочдсон байдалтай, харин 22 настай Б нь өндрөөс унахдаа хөлөөрөө буусан бөгөөд дөрвөн мөч нь хугарсан хүнд бэртлээсээ болоод газар дээрээ нас барсан" гэв.