Ослын буулт хийсэн МИАТ-ын онгоцны хөдөлгүүрийг Бразилд засварлахаар болсон уу

Ослын буулт хийсэн МИАТ-ын онгоцны хөдөлгүүрийг Бразилд засварлахаар болсон уу

Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ-ын онгоц энэ сарын 2-нд /2020.07.02/ Бээжинд саатсаныг тус компаниас олон нийтэд мэдээлэхдээ техникийн буулт хийсэн гэж мэдэгдсэн. 

Тодруулбал, МИАТ компанийнхан албан ёсны цахим хуудсандаа “Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13.23 цагт техникийн буулт хийгээд байна. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14.00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна” гэсэн юм.

Гэвч МИАТ техникийн буулт гэж олныг төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргаснаар тэгсхийгээд намжсан билээ. 

Тэгвэл Сөүлээс 170 иргэнээ эх оронд нь авчрахаар явсан уг агаарын хөлөг Инчеоны нисэх буудлаас хөөрснөөс хойш агаарт 30 гаруй минутын дараа нэг хөдөлгүүр нь “зогсжээ”. Ингээд хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон онгоцны нисэх багийнхан олон улсад “Авраарай” түгшүүр буюу “SOS” тусламж дуудан ниссээр Улаанбаатарт биш, БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудлын орчимд 12 удаа эргэлт агаарт хийж, онгоцоо аюулгүй буулгахын тулд түлшээ нэг цаг шахам шатаан, 13.23 цагт “Капитоль” нисэх буудалд ослын буулт хийсэн байна” гэж Өнөөдөр сонины Unuudur.mn сайтад нийтэлжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Global Times

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх агаарын хөлгийн I хөдөлгүүрийн турбины хэсэгт шаталт үүсэж, эвдэрсэн гэсэн урьдчилсан онош өмнөд хөршийн холбогдох албаныхан тавиад байгаа гэх. Уг хөдөлгүүр нь 2016 оны тавдугаар сард Ховдоос Улаанбаатар руу хөөрөх үедээ гэмтсэнийг их засвар хийсэн гэсэн ам дамжсан яриа ИНЕГ-ынхны дунд байна гэжээ. 

Улмаар энэ онгоцны хөдөлгүүрийг хаа холын, далайн чанадын Бразил улсад аваачин засвар үйлчилгээ хийлгэх гэж буй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Ази тивдээ онгоцны хөдөлгүүрийг засдаг, үйлчилгээ хийдэг өчнөөн улс байсаар байтал тэнд нь захиалж засварлуулах боломжтой л баймаар. Магадгүй ИНЕГ, МИАТ компанийн удирдах албан тушаалтнуудын мөнгө завших нэг арга нь энэ юм болов уу” гэж  Өнөөдөр сонины Unuudur.mn сайт мөн онцолсон байна.

Мөн тус мэдээлэлд “Улсын чухал объектын нэгэнд тооцогдож буй “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хориотой бүсэд энэ оны зургадугаар сарын 4-нд жирийн нэг иргэн чөлөөтэй нэвтрэн орж, үйлчилгээ хийж байсан МИАТ ХК-ийн агаарын хөлөгт орчихсон зугаалж явжээ. Энэ зөрчил, дутагдлыг ИНЕГ-ын удирдлагууд тас нуусаар өнөөдрийг хүргэв” гэжээ.