Дубайн гэрээг цуцалж, Ч.Сайханбилэгийг олж ир! Л.Оюун-Эрдэнэ сайдаа

Дубайн гэрээг цуцалж, Ч.Сайханбилэгийг олж ир! Л.Оюун-Эрдэнэ сайдаа

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г баталсан гэх үндэслэлээр Б.Ариунсан, Да.Ганболд, н.Бадрал, Б.Бямбасайхан нарын хүмүүст шүүхээс 1,6-4 жилийн хорих ялыг оноосон юм. 

Харин  2015 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа эдгээр залууст үүрэг өгч, гарын үсэг зуруулсан Ч.Сайханбилэг гадаад руу яваад эх орондоо эргэж ирээгүй тул, түүний оронд эдгээр залуусыг шүүгдэж, ял сонслоо гэж шүүмжлэх иргэд олон байна. Учир нь УИХ-аас 2014 онд 34-р тогтоол, 2015 онд 41 дүгээр тогтоол гарч “Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г баталж эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх чиглэлийн Засгийн газарт өгч байж. Товчхондоо Б.Ариунсан, н.Бадрал нарын залуус УИХ, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлснийхээ төлөө өнөөдөр шүүхээс ял сонсоод байна.

-ДУБАЙН ГЭРЭЭ ГЭХ ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛААГҮЙ БОЛ АМ.ДОЛЛАР 5000 ТӨГРӨГТ ХҮРЭХ БАЙВ УУ-

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 он. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалт бүрэн зогсож гурван мянга гаруй хүн шууд ажилгүй, туслан гүйцэтгэгч 500 гаруй компани зогсонги байдалд орж олон мянган ажилтны орлого тасарч байсан үе.  Улс орны эдийн засаг ч муудаж, цалин, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн 20 мянган төгрөг зэрэг нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэмж тасалдах аюул нүүрлээд байв. Энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн эхэнд хийх ёстой ажил нь “Оюу толгой”-н гацсан төслийг үргэлжлүүлэх байсан гэж тухайн үеийн улс төрчид шийдвэрлэсэн байдаг. 

-ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭСЭН Ч.САЙХАНБИЛЭГ ЯАГААД ЭХ ОРОНДОО ИРЭХГҮЙ БАЙНА ВЭ-

Тэгвэл 2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ж.Эрдэнэбат хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрэв сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно” гэж мэдүүлжээ.

-РИО ТИНТО КОМПАНИ ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН АСУУДЛААР АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

“Оюу толгой” компани Монгол Улсын Татварын ерөнхий газартай үүссэн маргааныг зохицуулах зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хандсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Тодруулбал, дээрх маргаанаас үүдэн “Оюу толгой” зэсийн уурхайн төсөлтэй холбоотой гэрээний зарим заалтыг эргэн харах асуудлаарх “Рио тинто” компани болон манай улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ мөн зогсонги байдалд ороод байгаа ажээ. 

-ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАЛУУСЫГ ЯЛЛАХЫН ОРОНД Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОЛЖ ИРЭЭД, ДУБАЙН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ-

2019 оны арван нэгдүгээр сард Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан ч, өнөөдөр Засгийн газар болоод ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд огт ажиллаагүй байна. Товчхондоо, Ч.Сайханбилэгийн байгуулсан хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөөг цуцлаад, дахин хэлэлцээр хийхэд асуудал шийдэгдэнэ. Гэтэл УИХ, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн залуус ял сонсож, үүрэг өгсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь гадаадад зугаалж байж болзошгүй байна. Учир нь үүрэг гүйцэтгэсэн залууст шүүхээс ял оноосноор гэрээ сайжрахгүй. Хэлэлцээрийн ширээний ард сууж байж асуудал шийдэгдэнэ. Гэтэл энэхүү үйл ажиллагаа хагас жилийн хугацаанд огт явсангүй. Арай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээ гэх "Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө"-г хамгаалаагүй байлтай. 

Учир нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой, Дубайн гэрээг сайжруулахыг яг хэн хариуцах вэ" гэсэн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ЗГХЭГ, Л.Оюун-Эрдэнэ сайд хариуцна" гэж хариулсан юм.