АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд 2019 оны арван хоёрдугаар сарын 30-ны орой Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилсан байдаг.
Учир нь ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52- ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан гэх албан бус мэдээлэл байдаг.
Энэ үед түүний өмгөөлөгч “Х.Оргил-Эрдэнэ буруугүй, хятад иргэн баглаатай зүйл орхиод зугтсан” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Х.Оргил-Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Лиу Хоннианыг бусдын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд өчигдөр /2020.07.21/ тооцсон байна. Ингээд эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 7000 нэгж буюу долоон сая, БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Тэдэнд торгох ялаа зургаан сараас нэг жилийн дотор төлж барагдуулах ёстойг шүүхээс сануулсан байна.