УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, түүнд шүүхээс хорих ял оноосон. Тэгвэл ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ болон ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 10-нд эцэслэн шийдвэрлэсэн байна.
Тэднийг 2017 оны зургадугаар сарын 19-нд ШШҮХ-гийн байранд “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчирхийлүүлсэн иргэн Ч.Наранзаяагаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн дүгнэлт хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Ингээд Х.Түвшин-Эрдэнэд нэг жил хорих ял, Ж.Оюунааг 19.2 сая, Н.Золжаргалыг 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлал гаргасан бол Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.