БҮРЭН ЭХ: М.Энхсайхан шүүхэд гомдол гаргажээ

БҮРЭН ЭХ: М.Энхсайхан шүүхэд гомдол гаргажээ

Ерөнхий сайд асан М.Энхсайхан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Гомдлыг бүрэн эхээр хүргэе.

Давж заалдах гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Мэндсайханы Энхсайхан миний бие 2020 оны зургадугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авлаа. Тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 19.6 зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Прокурорын үйлдлийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, энэхүү буцаасан үйлдэлд бас автомашин авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна.

Юуны өмнө хэргийн бодит байдлыг тодорхойлохын тулд “Мега төсөл” хэмээх “Тусгай мэдлэг” шаардсан, эдийн засгийн шинжлэх ухаанд “Behavioral Economics” хэмээх “Зан төлөв, сэтгэл зүй, хүмүүсийн араншинтай холбоотой гэсэн утгатай” салбар ухааны онцлогийг хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мега төсөл гэдэг нь том нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалттай төслийг хэлдэг. Зөвхөн том гэдэг утгаасаа илүүтэй төвөгшил ихтэй, олны анхааралд өртдөг тул улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, үнэн худал маргаанд өртөмтгий байдаг.

Монголчууд бидний хувьд шинэ ойлголт бөгөөд буруу зөв яриа нь зүй тогтолт, туулж гарах хөгжлийн нэгээхэн үе юм. Мега төсөл нь олон оролцогчтой, олон сонирхлыг уулзалдуулах хэрэгцээтэй болдог. Олон сонирхлыг нэгтгэх арга нь зөвхөн тухайн орны хууль тогтоомж, Олон улсын  гэрээ конвенц, Олон улсын  хэвшсэн стандарт, дүрэм, журмуудыг мөрдүүлэх явдал байдаг.

Мега төсөл нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд дэлхийн ямар ч хөрөнгө оруулагч түүнийг зөвхөн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж чаддаггүй, эрсдлийг хуваарилахын тулд “төслийн санхүүжилт” буюу олон улсын банкуудаас хөрөнгө босгох шаардлагатай болдог.

Тавантолгой төслийн хувьд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 1,5 тэрбумыг өөрийн хөрөнгө, 2,5 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилт гэж тооцсон. “Төслийн санхүүжилт” гэдэг нь олон улсын банкууд хөрөнгө оруулагчдын эд хөрөнгийг барьцаалах бус, төслийн бэлтгэсэн баримт бичигт итгэж, хөрөнгө гаргаж зээл олгох асуудал юм.

Иймээс мега төслийн гэрээний төсөл нь тухайн улсын болон олон улсын  хууль тогтоомжид нийцэж байх нь онцгой асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, мега төслийн бүх оролцогч гадаад, дотоод гэлтгүй бүгд хэн нэгнээс “давуу байдлыг бий болгох”-ыг эрэлхийлдэггүй. Хэрвээ тийм зүйл тохиолдвол банкууд санхүүжилт гаргахгүй, аль эсвэл банк болон хөрөнгө оруулагч нар гаргасан хөрөнгийн хэмжээгээр “шатах” эрсдэлтэй гэдгээ мэддэг.

“Мега төсөл” их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлж гаргаад түүнийгээ олон жилийн дараа нөхөж авдаг. Тавантолгой төслийн хувьд хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгө оруулалтаа гэрээний төслөөр тогтоосон 30 жилийн эхний 12 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцсон байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч олон жилийн том эрсдэлтэй хөрөнгө оруулалтад хэн нэгний албан тушаалд найдахгүй бөгөөд “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “ Бусдад давуу байдал бий болгох”-ыг огт эрэлхийлдэггүй.

Мега төсөл нь хэзээ ч нэг хүний бүтээл байдаггүй. Тавантолгой төслийн гэрээний төслийг бэлтгэсэн дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч нартай 30 гаруй уулзалт хийж, 300 гаруй асуудлаар хэлэлцэж тогтоосон юм. Төсөл бэлтгэхэд миний бие ажлын хэсгийн ахлагчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг “Дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэсэн”  нэгээхэн ч тохиолдол байхгүй, угаас боломж байхгүй.

Мега төсөл улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, төслийг зөв буруу, ашигтай ашиггүй гэдэг маргаан, уур амьсгалаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “Бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж болохгүй. Эрхзүйн талаасаа ч гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт шалтгаан, нөхцөл “ ЭХХШтХ 37.1 дүгээр зүйлийн 2” байхгүй юм.

Мега төсөл монголчуудын хувьд шинэлэг, олон улсын эрх зүйд нэгэнт хэвшсэн ойлголтыг хэрхэн улс төр болгон буруу ярьдгийг 2 жишээгээр ойлгож болно. Тавантолгойн хувьд гадаадын ажиллах хүч түүний дотор Хятадаас ажиллах хүч оруулж, “тэдэнд” нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж улстөржүүлдэг. Англи хэл дээрх “The most favored” гэдэг үг нь “нэн тааламжтай”  гэж орчуулагдах боловч энэ нь Монгол ажилчдад Монгол Улсын хууль тогтоомжоор ямар эрх хэмжээ тогтоосон байна, тийм эрх хэмжээг эдлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, ажлын 5 өдөр хөдөлмөрлөх бол тэдэнд мөн адил эрх эдлүүлнэ, түүнээс  илүү эрх эдлүүлэхгүй гэсэн эрх зүйн томьёолол юм.

Англи хэл дээрх “Waive sovereign immune” гэсэн ойлголт бий. Нэр томьёо нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрдөнө гэсэн хуулийн ойлголт юм. Мега төсөл дээр Арбитрын шүүхийг гуравдагч этгээдээр хөндлөнгөөс авах нь элбэг. Арбитрийн шүүхэд Монгол Улс нь оролцогч байна гэсэн хуулийн ойлголт юм. Үүнийг тусгаар тогтнол, эрх мэдлээсээ татгалзлаа гэж хоосон улстөржүүлсэн байдаг.

Тавантолгой төсөл дээр том хөрөнгө оруулагч татаж, мега төсөл болгох талаар Монголын төр засаг 2008 оноос оролдож, 2011 онд олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Уг тендерийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх гэж УИХ, Засгийн газар 2008, 2010, 2011 онд хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан байдаг.

Эхний оролдлого нь бүтэлгүй болсон бөгөөд түүнээс хойш 3 жилийн дараа тендерийн нөхцөл, үзэл баримтлалаа өөрчилж, засварлан 2014 онд УИХ-ын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол гаргаж, дахин олон улсын уралдаант шалгаруулалтыг Алтанхуягийн Засгийн газар зарласан юм.

Надад ял халдааж байгаа 2015 оны оролдлогын эрх зүйн үндэс нь 2014 оны УИХ-ын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол бөгөөд тэр нь Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газрын гаргасан он, сар, өдрийн хувьд хамгийн сүүлийн шийдвэр байлаа. Энэхүү шийдвэрийг биелүүлэх гэж ажил хийснийхээ төлөө яллуулж байгаа нь яавч шударга биш юм. Намайг буруутгахдаа бүтэлгүй болсон 2011 оны оролдлогын эрх зүйн үндэс болж байсан шийдвэрүүдийг үндэслэж, цаг орон зай, бодит нөхцөлүүдийг хольж, хутгах явдал байдаг.

Сүүлийн шийдвэр болох 2014 оны УИХ-ын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоолд миний гэм буруу байхгүй, тогтоол шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажилласан.

Прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой мега төслийн талаар ойлголтгүй, анхан шатны шүүхийн тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, пактыг зөрчсөн учир гомдол гаргаж байна.

Нэг: Анхан шатны шүүх буруу хууль, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг.

Миний хувьд автомашин худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд, эдгээрийг гэмт хэрэг гэж үзэх ахул тэр үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байлаа. Прокурор дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх үүнийг нь таслан зогсоож, засахын оронд 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг зөвтгөх тайлбар хийжээ. Тэдгээр нь худал, үндэслэлгүй, мөн хууль зөрчсөн, дур зоргын явдал болсон байна. Тухайлбал, анхан шатны шүүх “шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн”, гэх мэт тайлбар нь хэргийн бодит байдалд үл нийцэх, хууль бус үйлдэл юм. (Анхан шатны шүүхийн тогтоол, 41-42хуудас)

Шүүх “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэгт:

  1. Ялын төрөл нэмэгдсэн;
  2. Хэмжээ хөнгөрсөн;
  3. Хариуцлага эсхүл, шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн;
  4. Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм гэжээ. (Анхан шатны шүүхийн тогтоол 41 хуудас)

Дээрх нөхцөл хангагдаагүй байхад шүүгдэгчийн “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэг нь үнэнд нийцэхгүй. 2017 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг дурдвал:

  1. Ялын төрөл нэмэгдээгүй.
  2. Нийтийн албанд томилогдох хугацаанаас хасах ял 2 жил хүртэл байсныг 5 жил хүртэл өсгөжээ.
  3. Торгох ялын хэмжээг 4000-14 000 нэгж байсныг 5000-27 000 нэгж болгож нэмэгдүүлсэн.
  4. Зорчих эрхийг хасах ялыг нэг сараас 3 жил байсныг нэг жилээс 5 жил болгож нэмсэн.
  5. Хорих ялыг нэг сараас 3 жил хүртэл байсныг нэг жилээс 5 жил болгон өсгөжээ.

Өөрөөр хэлбэл, 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн байгаа.

Анхан шатны шүүх яаж ч тайлбарласан бай, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёрдмол утгагүй заасан байна.

Эрүүгийн эрх зүйд “Эрүүгийн хуулийг үгчлэн дагаж мөрдөх нь түүнийг тайлбарласнаас үүдэн гарах хохирлоос хавьгүй бага” гэсэн баримтлал олон улсын стандартад практик болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн утга санааг гуйвуулан төсөөтэй хэрэглэхээс болгоомжлуулсан хэрэг бөгөөд энэ баримтлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж шууд заасан байгаа нь Анхан шатны шүүх буруу хууль, хууль буруу хэрэглэснийг нотолж байна.

Тавантолгойн гэрээг гэмт хэрэг гээд прокурор Эрүүгийн хуулийн 22.1.1-ээр ял төлөвлөсөн. Гэтэл Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн “их хэмжээний хохирол” учруулсан гэдэг 22.1.2 заалтаар ял оногдуулсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэснийг харуулж байна.

Хоёр. Нэг үйлдэлд хоёр ял төлөвлөсөн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим гэсний 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж байна. Энэ заалт мөрдөгч, прокурор надад хэрэг үүсгэж Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдал бий болгосон” гэсэн 2 зүйлээр ялласан.

Анхан шатны шүүх прокурорын энэ алдааг засах ёстой атал Тавантолгойн гэрээний төслийг өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж буруутган ял оноосон хэрнээ, мөн хэргийг Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх” гэдгээр дахин мөрдөн шалгуулахаар прокурорт буцааж, энэ асуудлаар яллагдагч хэвээр үлдээсэн нь шүүхийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан байна.

Гурав. Анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тухайд:

Хэргийн бодит байдлыг тодруулахын тулд улстөржсөн мэтгэлцээнээс дараахь 3 ойлголтыг анхаарч үзмээр байна.

  1. “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж юу вэ?
  2. “Бусдад давуу байдал бий болгох” гэж юу вэ?
  3. “Их хэмжээний хохирол”-ыг яаж тооцох, нотлох вэ?

Анхан шатны шүүхийн хуралдаан дээр албан тушаалаа яаж урвуулан ашигласан, хэрхэн бусдад давуу байдал бий болгосон тухай нэг ч баримт, нотолгоо, энэ байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх талаар яригдаагүй. Зөвхөн төсөл зөв буруу, ашигтай ашиггүй гэх хувь хүн бүрийн мэдлэг боловсролын түвшнээс хамаарсан мэтгэлцээнээс Анхан шатны шүүх “Шүүгдэгч Энхсайхан” “дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Шинхуа Энержи", "Энержи Ресурс" болон "Сумитомо корпораци”-ийн түншлэлтэй гэрээний төсөл боловсруулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэсэн (АШШТ, 39х) дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл бэлдэхийн тулд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар нь миний бие, Уул уурхайн сайд, Сангийн сайд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Дэд ажлын хэсэгт бүх яам, газраас 15 хүн оролцсон.

Миний зүгээс дур мэдэн ”дангаар шийдсэн” нэг ч үйлдэл байхгүй, энэ талаар хэн ч яриагүй.

Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй улстөржсөн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд нэр дурьдсан гэрч, шинжээчид Я.Батсуурь, Д.Ганбат, П.Батсайхан, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, А.Батаа, А.Гансүх, К.Хавалболат, Б.Улаанхүү, Д.Сүхбаатар, Х.Жаргалсайхан, С.Төгсжаргал нарын мэдүүлэгт намайг “дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэж” байсан тухай асуудал хөндөөгүй юм.

“Бусдад давуу байдал бий болгосон”

Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэж  буруутгахдаа “Эдийн засгийн давуу байдал” гэж тодотгол хийсэн байх бөгөөд эдийн засгийн ямар давуу байдал бий болгосон талаар тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдаанд яригдаагүй, үйлдэл байхгүй, нотлох баримтгүйгээр намайг ялласан байна.

Нөгөөтэйгүүр “Бусдад эдийн засгийн  давуу байдал бий болгосон” гэж буруутгаж байгаа бол нөгөө талд нь эдийн засгийн давуу бус байдал бий болох ёстой бөгөөд тэр нь эдийн засгийн бодитой хохирол үүсгэх учиртай болж таарна. Энэ талаарх хэргийн байдлыг тодруулаагүй, баримт болон нотолгоо гаргаагүй. Тэр ч байтугай Прокурор, Анхан шатны шүүх энэ хэргээр хохирогч байхгүй хэмээн өөрсдөө гаргасан дүгнэлт, шийдвэртэйгээ бүрэн зөрчилдөж байна.

Дээрхээс товчхондоо Анхан шатны шүүх нь төсөл тойрсон улс төр, эдийн засгийн маргаанаас хууль зүйн үр дагавартай гэмт хэргийн гэж болох “Албан тушаалаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох” гэдгийг ялгаж салгаж чадсангүй.

Дөрөв. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухай

Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг АТГ гаргуулахдаа “Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160 000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол байх бөгөөд тэр нь 75 сая төгрөг гэжээ. Зөрүү (130-75=55) 55 сая төгрөг гаргаж, намайг “Их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан. Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, АТГ миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухай үед 115 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” (АШШТ, 40х) авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн АТГ-ын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн “1.3 дүгнэлтэд “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тав. Шүүх эрх зүйн чадамжгүй баримтыг хэрэглэсэн тухай

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, миний ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний  үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан бөгөөд Ерөнхий сайд Сайханбилэг түүнийг УИХ-ын даргын нэр дээр “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогттоолын төслийг 2015 оны 4 дүгээр сарын 23-нд ЗГ-1/72 тоотоор өргөн барьсан билээ.

УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж нэр бүхий 10 гишүүдтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт нь УИХ болон УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэгдэж ямарваа нэг хууль тогтоомж болоогүй, нийтээр мөрдөх, тэр тусмаа шүүхийн практикт хэрэглэгдэх учиргүй баримт бөгөөд энэ баримт намайг гэм буруутай гэж үзэх, нотлох баримт болгон шийтгэх тогтоолд (АШШТ, 29-35 тал) оруулсан болон энэхүү ажлын хэсгийн дүгнэлт, он, сар, өдрийг надад ял халдаах гол баримт бичиг болгосон нь хууль ёс, шүүхийн шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.

УИХ нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн дээд байгууллага бөгөөд өөрөө олон намын өрсөлдөөнөөр байгууллагддаг, тийм ч учраас УИХ дээр хэлсэн үнэн, худал үгийнх нь төлөө гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар зохицуулалттай. Ажлын хэсэг бол УИХ-ыг төлөөлөхгүй, УИХ-аас гаргах тогтоол, шийдвэрийг гаргахад УИХ дахь улс төрийн нам, төлөөлөл, гишүүдэд хэлэлцүүлгийн сэдэв бэлтгэх үүрэгтэй.

УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт зөвхөн УИХ-ын дотоод ажлын баримт бичиг болохоос нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг биш. Нэр бүхий 10 гишүүдийн Ажлын хэсгийн дүгнэлт нь хөрөнгө оруулалт босгох ЗГ-ын хүчин чармайлтыг улс төржүүлэн бүхэлд нь буруутгасан, нягталбал зохих, эргэлзээтэй дүгнэлтүүдтэй, үг хэллэгтэй, товчхондоо улс төрийн тунхаглалын шинжтэй юм.

Тус дүгнэлтийг боловсруулахад нэр бүхий 10 гишүүн оролцоогүй, гарын үсгээ зурсан гэдгийг гэрч Л.Эрдэнэчимэг мэдүүлэгтээ өгсөн нь хавтаст хэрэгт байгаа.

Зургаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хууль зөрчсөн тухай

  1. Анхан шатны шүүх автомашин худалдан авсныг гэмт хэрэг гэж тооцохдоо “Үйлдэл нь 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ. Прокурор 6 гаруй жилийн дараа энэ хэргээр яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно” гэсэн байдаг.  Энэ заалтад “Санаатай дахин үйлдвэл” гэдэг нь Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн хэрэгт хамаарч байгаа бөгөөд энэ миний “санаа” биш Монгол Улсын УИХ, Засгийн газрын шийдвэр байсан. Миний ахалж байсан ажлын хэсэг УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын хүрээнд ажилласан бөгөөд энэ нь миний “Санаатай” үйлдэл биш учир 2013 оны хэргийг гэмт хэрэг гэж үздэг юмаа гэхэд хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсон нь шударга ёсны зарчимд харш юм.

  1. Анхан шатны шүүх Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохдоо “үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтээс харвал Ерөнхий сайд гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан нь “гэмт хэрэг үйлдэгдэж дууссан” хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тоолох ёстой байв. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-нд дууссан.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцно” гэдэг заалтыг үндэслэн УИХ-ын Ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн” гэж үзсэн.

УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт нь УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, шийдвэр болоогүй, улс төрийн баримт бичгийг шүүхийн практикт хэрэглэснийг буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн тогтоосноор надад гэмт хэрэг гэж халдааж буй хоёр үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-нд дуусгавар болж байна.

Долоо. Анхан шатны шүүхийн тогтоол Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенци, пактыг зөрчиж байгаа тухай

Анхан Шатны шүүхийн тогтоол нь Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчихөөс гадна гаргасан шийдвэр нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн заалтуудыг зөрчиж байна.

  1. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ял хэрэглэнэ” гэж байгаа.

Надад халдааж байгаа гэмт хэргүүдийн хувьд 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа нь хууль бус бөгөөд уг хуулиар ижил хэрэгт оногдуулах ял чангарсан, тухайлбал нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах ялын дээд хугацаа 2 жилээс 5 жил, хорих ялын дээд хугацаа 3 жилээс 5 жил болтол өсч, шүүхийн ”Дур зоргын хязгаар”-ыг нэмсэн байх бөгөөд надад прокурор эрх хасах, хорихоор 5 жилийн ял өгч Анхан шатны шүүх эрх хасахыг 4 жилээр, мөн 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь дээрх пактын заалтыг зөрчсөн байна.

  1. 2013 онд үйлдсэн гэх автомашины хэрэг дээр алдаатай тооцоолол хийсэн шинжээч, гэрчийг миний өмгөөлөгч оролцуулан дахин байцаах хүсэлтийг прокурор хийгээгүй, Анхан шатны шүүх зөвхөн нэг талын нотлох баримтыг буруутгах үндэслэл болгосон нь мөн дээрх Пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “е”-д заасан “Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах” гэсэн заалтад нийцээгүй, наад захын баталгааг хангаагүй үйлдэл болсон.
  2. Тавантолгойн төслийг зөв, буруу, ашигтай, ашиггүй гэх “тусгай мэдлэг” шаардсан, илт улс төржсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн “дур мэдэн”, “дангаар шийдвэрлэсэн”, “Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэж нэг ч үйлдэлгүй, нотлох баримт, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр Анхан шатны шүүх буруутган ялласан нь Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “давуу тал олгох зорилгоор”, “албан тушаалаа урвуулан ашиглах”, “үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай”, “асуудлыг авч үзнэ” гэсэн заалттай нийцээгүй, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлийн “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.=

Найм. Бусад

  1. Анхан шатны шүүхийн хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч (Б.Халиун) яллагдагчийг гэм буруугүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.
  2. Намайг хууль бусаар баривчлан саатуулсныг олон улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” байгууллага монгол, англи хэл дээр мэдэгдэл гаргасныг тэмдэглэж байна.

Дээрх эсэргүүцлээрээ Анхан шатны шүүхийн шийдвэр нь:

  1. Буруу хууль хэрэглэсэн;
  2. Хуулийг буруу хэрэглэсэн;
  3. Нотлох баримтыг эн тэнцүү авч үзээгүй, үгүйсгэсэн үндэслэл заагаагүй;
  4. Буруутай гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;
  5. Шүүх эрх зүйн бус, улс төрийн баримтыг яллахдаа үндэслэл болгосон;
  6. Хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
  7. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенци, Пактыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Давж заалдах шатны шүүхийн хуралдаа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Гомдол, эсэргүүцлээ 461-р хорих ангийн захиргаагаар дамжуулан хүргүүлж байна.

М.Энхсайхан




Өнөөдөр үхэр өдөр

30 минутын өмнө