Хурдан морины комиссын албан тушаалтны автомашинаас 25 сая төгрөгийг АТГ хурааж авсан уу

Хурдан морины комиссын албан тушаалтны автомашинаас 25 сая төгрөгийг АТГ хурааж авсан уу

Энэ жилийн Улсын баяр наадмын хурдан морьдын уралдаан олон иргэдийн шүүмжлэл дунд болж өндөрлөлөө. Учир нь хурдан морьдын уралдаан зохион байгуулах комиссын зарим албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж, саатуулсан гэх мэдээлэл ч гарч байсан юм. 

Тодруулбал, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэгийг АТГ-аас шалгаж байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан. Учир түүнийг хурдан морины үүлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас саатуулан шалгаж байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. 

Тэгвэл, энэ жилийн улсын баяр наадмын үеэр мөн хурдан морины комиссын нэр бүхий албан тушаалтны хувийн автомашинаас “хурдан морийг үүлдвэрлэг байдлаар хясан боогдуулж, уралдуулахдаа бусдаас авилга авсан байж болзошгүй 25 сая төгрөгийг АТГ-ын албан хаагчид хурааж авсан байж болзошгүй” гэх мэдээлэл байна.  

-2015 ОНЫ ЖУРАМ ОДООГ ХҮРТЭЛ ШИНЭЧЛЭГДЭЭГҮЙ НЬ ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АВИЛГА АВАХАД ХҮРГЭЖ БАЙНА УУ-

Тэгвэл зарим эх сурвалжууд хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын зарим гишүүд авилгын хэрэгт холбогдож байгаа нь 2015 оны долдугаар сард батлагдсан “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам” одоог хүртэл шинэчлэгдээгүйтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Учир нь тус журмын 3.1 –д Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно” гэж заажээ. 

Товчхондоо, энэ нь морины комисс энэхүү заалтыг үндэслэл болгон, өөрсдийн үзэмжээр хурдан морьдыг уралдах эсэхийг шийдэх юм. Цаашлаад энэхүү заалт нь зарим албан тушаалтнуудыг уяачдаас авилга авах нөхцөлийг бүрдүүлж байж болзошгүй байна.

Мөн энэ жилийн улсын баяр наадамд түрүүлж, айрагдсан зарим морьд цэвэр монгол адуу байгаагүй, мөн морьдын өндрийг хэмжсэн албан хаагчид үнэн зөв хэмжээгүй гэх гомдол, шүүмжлэлүүд иргэдийн дунд байсаар байна.