Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ–ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй цаг уурын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгаар хур бороотой гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд НБОГ-аас гол усны түвшин нэмэгдэх, тогтоол усанд хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/85 дугаар захирамжийн хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул болон Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянзүрхийн гүүр, Төмөр замын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, зэрэг маршрутаар Нийслэлийн аврах анги болон НОБГ-ын 515 албан хаагч, НГХЗ төв болон Цагдаагийн газартай хамтран иргэдийг тогтоол ус болон голд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Дээрх чиглэлээр зургадугаар сарын 10-наас эргүүл хийж байна. Энэ хугацаанд нийт 15 иргэн усанд осолдсоны улмаас амь насаа алдаж, 100 гаруй иргэнийг аварсан. Бага насны хүүхдүүд усан дээр хийлдэг бөмбөгөөр тоглон эрсдэх, мөн иргэд карьерийн тогтоол усанд живж осолдох хэргүүд их гарч байна. Тухайлбал, карьерт долоон иргэн осолдсоноос хоёр иргэнийг аварч чадсан. Иймд иргэдэд баталгаат гүүр замаар зорчиж, бага насны хүүхдийг гол усны дэргэд явуулахгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.