С.Баярцогт нарын дөрвөн хүнийг ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

С.Баярцогт нарын дөрвөн хүнийг ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар шүүгдэгчдийг долоодугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчид шинжээчдийг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасныг шүүхээс ханган шийдвэрлэж ийнхүү хойшлуулж байна. 

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Харин иргэдийн зүгээс тэднийг засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө, мөн 2-10 тэрбум төгрөг төлж чадаагүйн улмаас хорьж байгаа нь шударга ёсонд нийцээгүй үйлдэл хэмээн эсэргүүцэж байгаа юм.

-ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНД С.БАЯРЦОГТЫГ ОРОЛЦУУЛСАНГҮЙ-

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогтоос бусад нь шүүх хуралдаа оролцлоо.  Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа нэр дэвшигч, шүүгдэгч С.Баярцогтыг шүүх хуралд нь авчирсангүй. Тиймээс түүний өмгөөлөгч Г.Орхон төлөөлж шүүх хуралд оролцсон юм.