Н.Номтойбаярын гэм, буруугийн шүүх хуралдааныг СОНГУУЛИЙН дараа хийхээр боллоо

Н.Номтойбаярын гэм, буруугийн шүүх хуралдааныг СОНГУУЛИЙН дараа хийхээр боллоо

Өнөөдөр Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл дахин хойшлогдлоо. 

Өмнө нь энэ сарын 11-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Харин өнөөдөр түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авсангүй. 

Н.Номтойбаярт өнгөрсөн сарын 28-ны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан.