Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болно

2020-06-17 11:40

Х.Бат-Ялалтыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа

Шүүгдэгч Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Иргэн Л.Эрдэнэчимэгээс гаргасан гомдлын дагуу Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

2020-06-17 10:26

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болно

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр (2020.06.17) болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байдаг.

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 8-нд товлогдсон цагаас хойш гурван удаа хойшлоод өнөөдрийг хүргээд байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд өдөр товлогдсон шүүх хуралдаанд Х.Бат-Ялалтын бие өвдсөн гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өнөөдөр товлосон нь энэ юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1. Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2.2. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус, тус заажээ.