Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

2020-06-16 11:43

Д.Эрдэнэбатад хэргийн оролцогч нартай уулзахыг хориглож, хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авав

Шүүгдэгч Д. Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн.   

Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон  шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргалаа. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх  хуралдааныг хойшлуулж,  2020 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

2020-06-16 10:12

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээс татгалзсан гэх тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10цагт эхэллээ. 

Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан байна.

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн юм.