Х.Нямбаатар: Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүү үүсгэн шалгах ёстой

Х.Нямбаатар: Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүү үүсгэн шалгах ёстой

Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гарсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Нямбаатар “Монгол улсын үндсэн хуулийн 1.6-д төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчим байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, төр үйл ажиллагаандаа зургаан зарчмыг мөрдлөгө болгох ёстой. Үүний нэг бол хууль дээдлэх зарчим. Төрийн бүх байгууллагуудын гаргаж байгаа шийдвэр хууль дээдлэх зарчимд нийцсэн байх ёстой.

Монгол улсын Их Хурлын 35-р зүйлд нэр дэвшигчийн баталгаа гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Нэр дэвшигчийн баталгаа гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно гэж байгаа юм. Энэ нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс, нөгөө талаас улс төрийн сонгуулийг тэгш шударга явуулах үүднээс, улс төрийн сонгуульд аль нэг хууль хүчний байгууллагын нөлөөллийг оруулахгүй байх үүднээс зохицуулж өгсөн.

Монгол улсын Их Хурлын тухай хуулиар өнөөдөр Жаргалтулгын Эрдэнэбат Монгол улсын Их Хурлын гишүүн хэвээр байгаа. Энэ сонгуулийн үр дүнгээр дараагийн Их Хурал байгуулагдаж, гишүүд нь тангараг өргөх хүртэл Их Хурлын гишүүнийх нь бүрэн эрх хадгалагдаж байгаа.

Мөн, Их хурлын тухай хуульд гэмт үйлдлийнх нь явцад гэмт харгийн газар нотлох баримттай баривчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д Улсын Ерөнхий Прокурор оруулж ирнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Их Хурал түдгэлзүүлж байж, тэр хүнд эрүүгийн хариуцлагад татах, цагдан хоригдох асуудал яригдана. Тэгэхээр Монгол улсын хоёр ийм том хуулиар Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй эрх нь хамгаалагдаж байгаа.

Би энд энэ хүний гэм буруугүйн талаар огт яриагүй, тэрийг шүүх тогтооно. Гэтэл шүүхийн гаргасан шийдвэр хууль бус байна. Энэ бол хууль бус, улс төржсөн шийдвэр. Ардчилсан намаас нэр дэвшсэн яллагдагч, шүүгдэгч нэр дэвшигч нарт энэ шүүхийн шийдвэр яг адилхан хамаарах ёстой шүү дээ. Энэ хүмүүсийн шүүх хурал яагаад товлогдохгүй байгаа юм бэ? Яагаад өнөөдөр МАН-аас нэр дэвшсэн хүний хоёр хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхэнд нь халдаад байгаа юм бэ? Шүүх шударга бус байгаа цагт бид нар хэнтэй шударга ёсны тухай ярих юм? Шүүх хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчиж байгаа ийм шүүх өнөөдөр Монголд байх шаардлага байна уу? Ийм шийдвэр гаргасан хүмүүст Шүүхийн мэргэжлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг зөвлөлийг хуралдуулж ийм шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой. Шүүгч нарт нь эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ёстой” гэж хэлжээ.