Ж.Эрдэнэбат: Цагдаа нар наашаа ирж шатахуун, тос үрээд яах вэ. Би өнөөдөр өөрөө очно

Ж.Эрдэнэбат: Цагдаа нар наашаа ирж шатахуун, тос үрээд яах вэ. Би өнөөдөр өөрөө очно

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан билээ. Түүнийг шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй, шүүхээс нэхэмжилсэн 10 тэрбум төгрөгийн барьцааг гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар цагдан хорихоор болсон юм.

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат хэвлэлд байр, сууриа илэрхийлэхдээ “Шүүхийн шийтгэлийн хуудсыг хүлээж авсан. Шүүх ийм хууль бус шийдвэр гаргасантай холбогдуулан МАН-аас, миний өмгөөлөгч нар мэдэгдэл гаргаад байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас өөрөө очих бодолтой байна.

Анхнаасаа ийм шийдвэр гарах нь тодорхой байсан. Барьцааны 10 тэрбум төгрөг байршуул гэсэн шүү дээ. Ганцхан хүнд тийм их мөнгө байхгүй. Би 10 тэрбум төгрөг гаргаж өгөх нь битгий хэл сонгуулийнхаа сурталчилгаанд 10 сая төгрөг зарцуулах гээд үйлээ үзэж байна. Шүүхийн байгууллагын түүхэнд ийм их хэмжээний мөнгө байршуул гэсэн тохиолдол байхгүй юм билээ. Анхнаасаа намайг цагдан хорих зорилготой байсан. 10 тэрбумыг байршуулах хувь хүнд битгий хэл банканд ч хэцүү шүү дээ.

Засгийн газрын 256 дугаар тогтоолыг буруу гаргасан гэж намайг буруутгаж байгаа. Засгийн газрын тогтоолыг яаж гаргадгийг мэргэжилтнүүд, хуульчид сайн мэднэ.

Хуулиараа дараагийн УИХ-ын гишүүд сонгогдтол би гишүүн хэвээрээ. Гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг үл харгалзан ийм шийдвэр гаргасанд би төдийгүй өмгөөлөгч, прокурорууд гайхаж байна. Би УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч. Миний тэр төрийн тусгай хамгаалалт өнгөрч. Гэхдээ хоёр том хуулийнхаа, хоёр бүрэн эрхийн заалтыг зөрчиж буйд гайхаж байна.

Би юунаас нь айх вэ. Монголын төрөөс нэг га газар ч хулгайлаагүй, төсвийн мөнгө идээгүй. Яалт ч үгүй улс төржсөн үйлдэл. 10 тэрбум төгрөг байршуул гээд байршуулж чадахгүй болонгуут цагдан хорих болсныг улс төржиж байна гэж ойлгохоос өөр аргагүй.

Цагдаагийн байгууллагаас надтай холбогдоогүй. Наашаа гарсан сураг дуулдсан. Цагдаа нар наашаа ирж шатахуун үрээд яах вэ. Би өнөөдөр өөрөө очно. Би УИХ-д хоёр удаа сонгогдсон, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Би хэзээ ч Сэлэнгийнхээ ард түмэнд худлаа ярьж, итгэлийг нь алдаж үзээгүй” гэв.