ХБНГУ-ын Дрезден хотын тойргийн шүүх өчигдөр хуралдаж дипломат албаны машинаар хар тамхи наймаалсан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярт тус бүр нь 11 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Хэдийгээр улсын яллагч есөн жилийн хорих ял оноож болох байсан ч мэдүүлгийнхээ үеэр Монголын нууц ажилтан гэж худал мэдүүлсэн гэх үндэслэлээр 11 жилийн хорих ял болж нэмэгджээ.
Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан, 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулсан юм.
Цагдаагийн газраас дипломат дугаартай уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй болохыг тогтоосон билээ.
Германы “Bild” гэх сайтад мэдээлснээр “Өнгөрсөн жил болсон хамгийн ноцтой хэрэг бол Монгол улсын иргэдтэй холбоотой хар тамхины хэрэг байлаа. Тэдэнд өчигдөр 11 жилийн хорих ял оноосон юм. Монголын дипломат ажилтнууд Герман улсын мөрдөн байцаагчдыг дутуу үнэлсэн бололтой” хэмээн бичжээ.