САЙН МЭДЭЭ: Зоогийн газар гарсан галыг унтраасан замын цагдааг олж талархал илэрхийлжээ

САЙН МЭДЭЭ: Зоогийн газар гарсан галыг унтраасан замын цагдааг олж талархал илэрхийлжээ

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 18 минутын орчимд зүүн дөрвөн замын уулзварт Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч у.чойжанцан нь хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгээд ажлын дараа тус уулзварт ойр байрлах “Монжаргалант” ХХК-ийн зоогийн газарт үдийн цайгаа захиалахаар зогсох байх мөчид гэнэт зоогийн газрын заалны хананд байрлах цахилгааны шитнээс гал авалцаж, үйлчлүүлж байсан иргэд болон үйлчилгээний ажилчид яах учраа олохгүй сандралдсан байна.

Энэ үед тус зоогийн газраар үйлчлүүлэхээр зогсож байсан цагдаагийн алба хаагч шуурхай арга хэмжээ авч, галын аюулгүй байдлын булангаас галын хорыг авч тухайн галыг тархахаас нь өмнө унтраажээ.Ингээд тухайн цагдаагийн алба хаагч тус зоогийн газраас гарч явсан байна.

Зоогийн газрын ажилчид хэсэг хугацааны дараа тайвширч тухайн гал унтраасан алба хаагчид баярласан талархсанаа ч олигтой хэлж амжилгүй явуулсан байжээ. Болсон үйл явдлын талаар байгууллагынхаа удирдлагуудад хэлэхэд галын аюулаас байгууллагын эд хөрөнгөгийг авч, үйлчлүүлэгч ажилчдыг эрсдэлээс хамгаалсан тухайн алба хаагчийг хайж олж талархал илэрхийлэхээр болж, байгууллагынхаа хяналтын камерыг шүүж, тухайн алба хаагчийн гал унтраахын өмнөх дүрс бичлэгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн пэйж хуудсанд хандан явуулж, болсон үйл явдлын талаар хэлж, гал унтраасан замын цагдаагийн алба хаагчдыг олж өгөхийг хүссэн байна.

Ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн чимээгүй гавьяа байгуулсан алба хаагчийг олж, хамт олных нь өмнө “Монжаргалант” ХХК-ийн удирдлагуудын зүгээс талархал, цэцгийн баглаа, мөнгөн шагналаар урамшуулсан байна.