Сангийн яам Польш улсад сурч байгаа оюутнуудын тэтгэлгийг шилжүүлжээ

Сангийн яам Польш улсад сурч байгаа оюутнуудын тэтгэлгийг шилжүүлжээ

Польш улсад сурч байсан төгсөгчдийн холбооноос өнөөдөр Сангийн яаманд шаардлага хүргүүлэх гэж байснаа цуцалжээ. Төгсөгчдийн холбооныхон хоёр шаардлага тавьсан бөгөөд эхний шаардлага нь тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг яаралтай шилжүүлэх байв. Тэгвэл Сангийн яамнаас өчигдөр тэтгэлгийг шилжүүлжээ.

Хоёр дахь нь Польш улсад сурч байсан монгол оюутан амь насаа алдсан асуудал байсан. Харин талийгаачийн ар гэрийнхэн хэргийг эцэслэн шалгаж дуусаагүй байгаа тул жагсаал, цуглаан хийхгүй байхыг хүсчээ. Тиймээс өнөөдөр Сангийн яаманд шаардлага хүргүүлэх гэж байснаа цуцалсан болохыг төгсөгчдийн холбооны төлөөлөл хэлсэн юм.

Польш улсад сурч байгаа оюутнуудын нөхцөл байдлыг mөгсөгчдийн холбооны төлөөллөөс тодруулахад "Одоогийн байдлаар Польш улсад тэтгэлгээр суралцаж буй 130 гаруй оюутан бий. Хувийн зардлаараа сурч байгаа хүүхдүүд ч мөн байгаа.

Засгийн газрын тэтгэлэг сургууль тус бүрээсээ хамаараад нэгдүгээр сараас олгогдож эхэлдэг бөгөөд үндсэндээ зургаадугаар сар гэхэд олгогдож дууссан байдаг. Ер нь бол тэтгэлгийн хэмжээ амьжиргаанд хүрэлцээтэй биш учраас оюутнуудын дийлэнх нь цагийн ажил хийдэг юм. Гэтэл цар тахалтай холбоотойгоор Польш улсад манайхтай адил хөл хорио тогтоож, үйлчилгээний газрууд хаасан. Гадаадын оюутнууд байтугай тус улсын иргэд ч ажилгүй хүнд нөхцөлд байна. Ингээд оюутнууд санхүүгийн хувьд хүнд нөхцөлд орсон учраас бид гурав, дөрөвдүгээр сард хоёр ч удаа Сангийн яаманд тэтгэлгийг нь шилжүүлээч ээ гэж хүсэлт тавьж байсан.

Гадаад оюутнуудын нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Хэд хоногийн өмнө зарим хотод эмч нар оюутнуудыг хооллосон байсан. Оюутнууд дотуур байрнаасаа гарахгүй, хэд хоногтоо нэг удаа зөвхөн хүнс авахаар гардаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа" хэмээн ярив. Оюутнуудын тэтгэлгийг өчигдөр шилжүүлсэн хэдий ч банк хоорондын гүйлгээ хийгдэж 2-3 хоногийн дараа гар дээр нь очих байх гэдгийг мөн тэрбээр хэлсэн юм.