Польшид амиа хорлосон гэх оюутан бусдын дарамтад өртсөн байх магадлалтай

Польшид амиа хорлосон гэх оюутан бусдын дарамтад өртсөн байх магадлалтай

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Бүгд найрамдах Польш улсад сурч байсан /21 настай, эрэгтэй/ Монгол оюутан гэрээслэл үлдээн өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон юм.

Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр Польш улсад сурдаг байсан уг оюутан нь гэрээслэлдээ энэ шийдвэрийг өөрөө гаргасан, үүнд бусад хүмүүс нөлөөлөөгүй талаар дурджээ. Гэрээслэлийг тус улсын цагдаагийн байгууллагаас авч, хэргийг шалгаж эхэлсэн байна.

-ТУС ОЮУТАН ЮУНЫ УЛМААС АМИА ХОРЛОХ БОЛОВ?-

Дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн орчин нөхцөл багагүй өөрчлөгдсөн. Тэд арьс өнгөөр ялгаварлах үзэл, хөрөнгө санхүү болон ойр дотнын хүмүүсээсээ хол байгаа шалтгаанаар сэтгэл санааны хямралд багагүй өртөж байгаа нь үнэн. Гадаадад байгаа манай улсын иргэд бүү хэл эх орондоо байгаа гадаадын иргэд ч цар тахлын улмаас сэтгэл санаагаар хямарч тэдэнд улсаас нь сэтгэл зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ ч хийгдэж байна. Харин иргэд болон хэвлэл мэдээллийн зүгээс амиа хорлосон оюутны хэргийг санхүүгийн асуудлаас болсон, цар тахлын улмаас тэтгэлэг нь бүрэн зогссон тул оюутнууд байрны төлбөрөө ч төлж чадахгүй, ажил хийх боломжгүй байдалд удаан амьдарч байгаагаас тэдний зарим нь сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай байна хэмээн тайлбарлаад байгаа юм.

-ПОЛЬШИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН
ТЭТГЭЛЭГЭЭ АВААГҮЙ БАЙГАА АЖЭЭ-

Тус улсад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гээд бүх түвшинд суралцдаг оюутнууд хичээлээ онлайнаар судалж байгаа юм байна.Гэвч Польшид суралцдаг оюутнууд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа ажээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европт тэр чигээрээ хичээлээ хаасан тул оюутнууд сургуульдаа явахгүй байгаа. Тийм учраас тэтгэлгийн асуудлыг шийдэх боломжгүй хэмээсэн байдаг.

Польш дахь Элчин сайд Б.Дорж энэ талаар тайлбар өгөхдөө “Польш улс дахь Монгол улсын элчин сайдын консулын газарт өнөө өглөө 21 настай оюутан амиа хорлож нас барсан талаархи мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Краков хот дахь өргөмжит консул н.Уртнасан одоо газар дээр нь ажиллаж байна. Харамсалтай мэдээлэл ирсэн даруйд манай элчин сайдын консулын газрын ажилтан мөн ажиллахаар явсан байна. Бид талийгаачийн сургуулийн захирал, ажилтнууд, оюутнууд болон холбогдох бусад хүмүүстэй холбоотой ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар Польшийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаарх тодорхой мэдээллийг бидэнд албан ёсоор өгөөгүй байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн ч, оюутнуудын ч байдал хүнд байгаа. Гэхдээ тус хотод байгаа өргөмжит консул маань оюутнуудтай байнгын холбоотой ажилладаг.

Тэтгэлгийн хувьд хоцорсон асуудал байгаа. Оюутнуудын тэтгэлгийг жилд хоёр удаа өгдөг. Эхнийх нь таван сарын дундуур буудаг. Энэ жилийн хувьд эхний улирлын буюу 5 сарынх орж ирээгүй байгаа. Шалтгааныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирээгүй хүлээлтийн байдалтай байна. Элчин сайдын  яамнаас БСШУЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа” гэсэн юм.

-ТАЛИЙГААЧИЙН ЗҮГЭЭС ӨМНӨ НЬ ТУС УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН
ЯАМАНД НУТАГ БУЦАХ ТАЛААР ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙГААГҮЙ-

Мөн талийгаачийн зүгээс элчин сайдын  яаманд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт цаашлаад нутаг буцах тухай хүсэлт ирүүлж байгаагүй аж. “Ер нь оюутнууд  хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг. Одоогийн байдлаар Монгол буцъя гэж хандаж байгаа хүн цөөн байна. Төгссөн, шалгалт нь дууссан, эсвэл сургуулиасаа хасагдсан цөөн хүн бий. Өмнө нь бид хоёр ч удаа Франкфуртээс иргэдээ Монгол уруу буцаасан. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 20 гаруй иргэнийг явуулсан байгаа.” хэмээн Польш улс дахь Элчин сайд Б.Дорж хэллээ.

-УГ ХЭРЭГ НЬ АМИА ХОРЛОЛТ БИШ БУСДЫН ДАРАМТ ШАХАЛТЫН
ДОР ҮЙЛДЭГДСЭН ХЭРЭГ БАЙВ УУ?-

Уг хэрэг болж өнгөрсний дараа Монголын томоохон хэвлэлүүдээр үүнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн

Харин ар гэрийнхнийх нь хэлж буйгаар “Энэ бол амиа хорлолт биш шүү. Шалтгаан нь тодорхойгүй байхад янз бүрийн мэдээлэл түгээж байгаад ар гэрийнхэн нь маш их эмзэглэж байна. Энэ явдлыг тэтгэлэг, Засгийн газартай холбох ямар ч шаардлагагүй. Ялангуяа миний дүү мөнгө, санхүүгээс шалтгаалсан ямар ч хүчин зүйл байхгүй. Харин ч маш сэтгэл санаа өөдрөг байсан.  Хамт нэг байранд амьдардаг, MBA-д сурч байсан, оны ялгаа гаргаж ахархаж ихэрхдэг, сэтгэл санааны дарамт үзүүлдэг өөрөөс нь ах хоёр хүн байсан гэж ярьж байсан. Харин үүнийг шүүх, цагдаагийнхан анхааралдаа авч шалгах ёстой. Гадны нөлөө, бусдын дарамтаас болсон л гэж үзэж байна. Хүний газар нэгнийгээ дарамталдаг ийм бусармаг байдал ийм хэрэг гарахад нөлөөллөө. Шалгалтаа өгөөд бор зүрхээрээ явсан жирийн хүүхэд бурхны оронд очлоо. Ар гэрийнхнийг нь хүндэтгээрэй Монголчуудаа” гэсэн юм.

Ямартай ч Польш улсад тэтгэлэг зогсон, оюутнууд үнэхээр амиа хорломоор хүнд нөхцөл байдал бий болсон уу, эсвэл бидэнд олдсон албан бус мэдээллийн дагуу энэ нь бусдын дарамт шахалтаас үүдэлтэй хэрэг байв уу?

Одоогоор Польш улсад 130 гаруй монгол оюутан ажиллаж, амьдарч байна. Тэд хичээлээ онлайнаар үзэж байгаа бөгөөд улирлын шалгалт нь хараахан дуусаж амжаагүй байгаа ажээ.

Өнөөдөр 10.00 цагт Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй оюутан залуусын тэтгэлэг зогссон асуудлаар Польш улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд шаардлага хүргүүлнэ гэх мэдээлэл гарсан ч цуцалсны албан ёсоор мэдэгдээд байна.