Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын армийн "Дельта" хүчнийхэн баривчилсан гэжээ

2026-01-03 18:50

Д.Трамп: Николас Мадуро эхнэрийнхээ хамт баривчлагдаж, тус улсаас гаргасан

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн цахим хуудастаа Венесуэльд өрнөж буй үйл явдал болон Николас Мадурогийн талаар мэдэгдлийг нийтэлсэн байна.

“Америкийн Нэгдсэн Улс Венесуэль болон түүний удирдагч, ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг томоохон хэмжээний цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Николас Мадуро эхнэрийнхээ хамт баривчлагдаж, тус улсаас нисгэж гаргасан болно. Энэхүү ажиллагааг АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна. Өнөөдөр өглөөний 11:00 цагт Мар-а-Лаго дахь байршилд хэвлэлийн бага хурал болно. Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа! Ерөнхийлөгч Доналд Ж. Трамп” гэжээ. 

2026-01-03 18:34

Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын армийн "Дельта" хүчнийхэн баривчилсан гэжээ

Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын армийн Дельта хүчнийхэн баривчилсан гэж албаны эх сурвалжууд CBS телевизэд мэдэгджээ. АНУ-ын Дельта хүчнийхэн нь АНУ-ын  терроризмын эсрэг дээд анги аж. 

АНУ-ын тал Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог олон улсын хар тамхины наймааны сүлжээг удирдаж байна хэмээн удаан хугацаанд буруутгаж ирсэн юм. Харин Ерөнхийлөгч Д.Трамп дарангуйлагч Н.Мадурог хэрхэн баривчилсан, мөн хаашаа авч явсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж. Мөн Венесуэлийн засгийн газар ч уг мэдээллийг албан ёсоор батлаагүй хэвээр байна.  АНУ-ын эрх баригчид Н.Мадурог баривчлах мэдээллийг 50 сая ам.доллараар худалдаж авна гэдгээ мэдэгдсэн. Үүнийг Венесуэл доторх хүчнүүдийг Н.Мадурогийн эсрэг босоход уриалсан алхам хэмээн ажиглагчид тайлбарладаг байна. 

Эх сурвалж: BBC

2026-01-03 18:21

ВИДЕО: Венесуэлийн Батлан хамгаалахын сайд "орон даяар цэргийн хүчээ байрлуулж эхэлсэн" гэж зарлажээ

Венесуэлийн нийслэл Каракас хот руу АНУ-ын тал томоохон хэмжээний довтолгоог эхлүүлсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлсээр байна. 

Тэгвэл Венесуэлийн Батлан хамгаалахын сайд улс орон даяар цэргийн хүчийг нэн даруй байршуулж эхэлснээ зарласан байна. Тэрээр видео мэдэгдэл хийх үеэрээ, "Венесуэлийн эсрэг чиглэсэн “хамгийн аймшигтай түрэмгийлэл”-ийн өмнө эсэргүүцлийн фронт байгуулахыг уриалсан байна. Мөн тэрээр бүх зэвсэгт хүчнийг бүрэн дайчлах тухай “Ерөнхийлөгч Н.Мадурогийн өгсөн тушаал”-ыг зэвсэгт хүчин дагаж мөрдөж байна хэмээн онцолжээ. Тэрээр, “тэд бидэн рүү дайрсан ч биднийг номхотгож чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC

2026-01-03 18:07

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, түүнийг Венесуэлээс гаргасан гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэл улс дахь хар тамхины наймааны сүлжээний эсрэг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа гэдгээ өмнө нь удаа дараа анхааруулж байсан. 

Тэгвэл өнөөдөр /2026.01.03/ Венесуэлийн нийслэл Каракас хотод томоохон хэмжээний цохилт өгсний дараа тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, түүнийг Венесуэлээс гаргасан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн байна. Мөн тэрээр “цаашид дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулагдана” гэж нэмж хэлсэн байна. CNN агентлагийн мэдээлснээр, Каракас хотод хэд хэдэн удаа дэлбэрэлт болж, хотын зарим хэсэгт цахилгаан тасарсан байна. Эхний дэлбэрэлт бямба гараг /2026.01.03/-т орон нутгийн цагаар өглөөний 01:50 орчимд бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN




СЭРЭМЖЛҮҮЛЭГ

1 цагийн өмнө