Террил Атиензагийн ар гэрийнхэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргахаар Монголд ирлээ.
Энэ үеэр талийгаачийн том охин “14 жилийн турш бид хоосон, ядуу амьдарсан. Үүнийг мартахад тун хэцүү. Бид ээжийгээ хүний ёсоор оршуулахыг хүсэж, улс төрийн байгууллагад хүртэл хандсан. Ээжийгээ оршуулах газрын мөнгийг ч бид өөрсдөө төлж ирсэн. Ээжийгээ алдсаны дараа манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд болсон. Тухайн үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь давхар ажил хийж, сэтгэл санааны уналтад орж, хүндээр өвдөн амь насаа алдахад ойрхон байсан. Би 16 насандаа гэр бүлээ тэжээх гол хүн болж, өдөрт хоёрхон цаг унтаж сургуульдаа явж, ажил хийж байлаа. Сэтгэлийн гүн хямралд орсон ч гурван дүүгээ тэжээхийн тулд ажилласаар ирсэн. Олон жилийн турш хэн ч биднийг хайхрахгүй, хамгаалахгүй гэдэгт бүрэн итгэсэн байлаа. Ээжийгээ алдсан ядуу гэр бүлийг хүн гэж үзэх хүн энэ хугацаанд нэг ч байсангүй.
Сингапурын агентлаг ээжийг минь хүний наймааны золиос болгож Монгол руу явуулсан. Филиппин улс зөвхөн баян хүмүүсийг л хамгаалдаг, ядуу бид хэн ч биш. Монгол гэдэг үг сонсохоор л ээжийн минь үхэл санаанд орж, олон жилийн турш айдас төрдөг байсан. Гэхдээ өнөөдөр энд ирж, ээжийнхээ үхлийн үнэн мөнийг олохоор зогсож байгаадаа итгэж чадахгүй байна. Сэтгүүлч Будрагчаа болон Монголын ард түмэнд талархлаа. Өнөөдөр энд зогсож байхдаа би ээжийнхээ хайр, Монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрч байна. Бидэнд дулаан хувцас бэлдэж өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ бол миний хүсэн хүлээсэн анхны шинэ жил байлаа. Ээжийгээ амьд мэт мэдэрч байна.
2011 онд ээжтэйгээ хамгийн сүүлд утсаар ярихад арванхоёрдугаар сард гэртээ ирнэ гэж хэлсэн. Ээж минь амлалтаа биелүүлсэн. Гэхдээ авсанд хүйтэн цогцос болсон ээжийгээ бид тоссон. 14 жилийн өмнө хийсэн хоёр дахь задлан шинжилгээгээр түүний биед хөхрөлт, зүсэлт, тамхины цогонд түлэгдсэн ул мөр илэрсэн. Албаныхан амиа хорлосон эсвэл хүнд хордлогод орсон гэж тайлбарласан ч хүчтэй тэмцлийн ул мөр тодорхой харагдаж байлаа. Ээж маань амьд үлдэж, хүүхдүүддээ эргэж ирэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн нь илт байсан. Тэр биднийг хэзээ ч орхих хүн биш. Ээжийг минь хөнөөсөн хүмүүс зүрхийг нь авч үлдсэн. Миний ээжийн зүрхийг яагаад авсан юм бэ. Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна. Та бүхний тусыг манай гэр бүл хэзээ ч мартахгүй. Бүхэл бүтэн улс бидний талд байна. Оройтож ирж байгаад үнэхээр уучлаарай ээж ээ" гэлээ.