УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тодруулбал, тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгах талаар хөндсөн нь энэ юм.
Гэтэл тэдний араас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, 32 гишүүний дэмжлэгийг авч өнгөрсөн аравдугаар сарын 06-ны өдөр /2025.10.06/ олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй УИХ-д өргөн барьсан ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй.
Ингэснээр Ж.Баярмаа, Д.Ганбат нар түр хороо байгуулах боломжгүй болоод байв. Учир нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байсан. Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал нар түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан учир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.6-т заасан “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ” гэсний дагуу Ж.Баярмаа нар түр хороо байгуулах тогтоолын төслөө өргөн барих боломжгүй болсон.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах санал УИХ-аас дэмжлэг авч чадалгүй унасан учир Ж.Баярмаа, Д.Ганбат нар түр хороогоо байгуулахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, энэ баасан гарагт /2025.12.12/ “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эсэхийг хэлэлцэх аж.
Харбины гэрээний гол нөхцлийг эхэлж тохирох үед “Биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү 5-хан хувийг хямдруулаачээ” гэж айлын тал хүссэн гэх мэдээлэл байдаг. Түүнийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллараар нүүрсээ зарах боломжтой байсныг хэзээд 50 ам.доллар болж буурсан асуудлын хариултыг олох ёстой. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашгийг олж болно гэж Ж.Баярмаа нарын гишүүд хэлж буй.