“Нам нь нам шиг байна” гээд Н.Учрал сайдын ажлаа өгч, УИХ-ын даргаар очихгүй, түүний оронд Л.Энх-Амгалан гүйж магадгүй

“Нам нь нам шиг байна” гээд Н.Учрал сайдын ажлаа өгч, УИХ-ын даргаар очихгүй, түүний оронд Л.Энх-Амгалан гүйж магадгүй

МАН-ын даргын сунгаанд өрсөлдсөн Д.Амарбаясгалан эцэст нь УИХ-ын даргын суудлаа өгч, харин Г.Занданшатар Ерөнхий сайдынхаа албан тушаалд хэвээр үлдлээ. Тэмцэл, тэврэлттэйгээ зэрэгцсэн энэ өрсөлдөөн хоёр өрсөлдөгчийн аль аль нь МАН-ыг удирдах ёс зүй, нийгмийн дэмжлэгийн өнгийг бүдгэрүүлсэн нь нууц биш. Ингээд тэдний дундын хувилбар Н.Учрал МАН-ын даргын тамгыг атгалаа. 

“НАМ НЬ НАМ ШИГ, УИХ НЬ УИХ ШИГ АЖИЛЛАЯ” ГЭСЭН ЯРИА ХЭРЭГЖВЭЛ Н.УЧРАЛ САЙДЫН СУУДЛАА ӨГЧ, УИХ-ЫН ДАРГААР Ч ОЧИХГҮЙ-

Харин МАН-ын шинэ дарга Н.Учрал УИХ-ын даргын сэнтийд суух уу, эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар хэдий хугацаанд засгийн газрын жолоог атгах бол гэсэн таамаг, төсөөлөл, хүлээлт олон нийтийн дунд салхи шиг тархаж, улс төрийн дараагийн том нүүдлийг хүн бүр анхааралтай ажиглаж байна. Учир нь УИХ-д 42 суудалтай АН-ын бүлгээс мэдээлэл хийж, “УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх ёстой” гэсэн хуулийн төслийг өргөн барина гэдгээ мэдэгдлээ.

ВИДЕО: 

МАН-ын дарга Н.Учрал УИХ-ыг удирдаж, Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх нь гэсний ард АН-ын хийсэн энэхүү мэдээлэл дахин олон асуултыг хариултыг хайхад хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “УИХ-ын дарга аль нэг намын дарга байх ёсгүй гэсэн санаачилга зөв" гэсэн байр суурийг илэрхийлсэн нь гал дээр тос нэмэхтэй адил олон эргэлзээг төрүүлэх боллоо.

Тэгвэл Г.Занданшатарын талаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Л.Энх-Амгаланг зүтгүүлсэн ч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн нар талын Ж.Бат-Эрдэнээр түүнийг бүлгээ авч чадсан. Харин энэ удаа Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох хэтийн амбицтай яваа аж. 

Учир нь МАН-ын дээд түвшинд парламент нь парламент шигээ, Засгийн газар нь Засгийн газар шигээ, нам нь нам шигээ ажиллая гэж ярилцсан гэх мэдээлэл байна. Энэ тохиолдолд МАН-ын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албан тушаалаа өгч, улмаар УИХ-ын дарга ч болохгүйгээр зөвхөн “МАН-ын толгойлох” аж. Харин УИХ-ын даргаар Л.Энх-Амгалан томилогдож, Г.Занданшатар Засгийн газрын тэргүүний ажлаа 2027 оны урьтал хүртэл үргэлжлүүлэх аж.  

Эсвэл энэ ярих хэрэгжихгүй бол Н.Учрал УИХ-ын даргын суудал очиж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдад Л.Энх-Амгалан эсвэл Б.Жавхлан очиж магадгүй гэсэн яриа ч байна. Б.Жавхлан Тэргүүн шадар сайдын албанд очвол УИХ-ын Г.Тэмүүлэн Сангийн сайдын албан тушаалд хүрч магадгүй, эвсэл ИЗНН-ыг Засгийн газраас гаргаад, Н.Номтойбаярыг Тэргүүн шадар сайдаар томилж магадгүй гэсэн яриа ч улс төрийн хүрээнд гарчээ.

-“АН-ЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛАХГҮЙ” ЗАСАГ НЬ ЗАСАГ ШИГ БАЙЯ ГЭСЭН ТОХИРЧЭЭ-

МАН-ын Бага хурал 597 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр анхдугаар хурлаа Мягмар гараг /2025.11.18/-т хийж дотоодын асуудлаа ярилцсан байгаа юм. Энэ үеэр “МАН-ын жирийн гишүүдийн итгэл муудсан байна. Гишүүдийнхээ итгэлийн сэргээнэ” гэсэн асуудлыг хөндөж, “АН-ынхан Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялчих байх гэсэн бодол манай намын гишүүд дунд байх шиг байна. Бид ялах ёстой. Үүний тулд нам нь нам шиг байх ёстой” гэж ч ярьжээ. 

Мөн “АН-тай Засгийн газарт хамтрахгүй, тэднийг засагт оруулахгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлж Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн аж. Ингээд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас томилогдсон “хяналтын менежер”-үүд гээд бүгдийг ойрын хугацаанд чөлөөлнө гэдгээ МАН-ын шийдвэр гаргах түвшинд ярилцаад байгаа аж.