"Эрдэнэс тавантолгой"-н Н.Цэрэнсамбуу нь Б.Чулуунбаатарын "Моннис майнинг"-ийг 1.2 их наядын тендерт шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдож байжээ

"Эрдэнэс тавантолгой"-н Н.Цэрэнсамбуу нь Б.Чулуунбаатарын "Моннис майнинг"-ийг 1.2 их наядын тендерт шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдож байжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Харин өнгөрсөн долоо хоногт /2025.11.06/ болсон хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг "Нүүрсний хулгайн асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Чуулганыг орхиод гарчих даа. Танаас асуулт асуухгүй" хэмээсэн нь олны анхаарлыг татсан. 

Уг үйлдлийг иргэд, олон нийтийн зүгээс зөв, буруу хэмээн дэнсэлж байна. Тэгвэл бид УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн чуулганы танхимаас хөөж гаргасан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нь нүүрсний ямар хэрэгт нэр холбогдож байв гэдгийг сөхөж үзлээ. 

-Н.ЦЭРЭНСАМБУУ НАРЫН ШАЛГАРУУЛСАН ТЕНДЕРТ НҮҮРСНИЙ ДАРААГИЙН ХУЛГАЙ БАЙСАН УУ ГЭДЭГ АСУУДАЛ СӨХӨГДӨЖ БАЙВ-

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нь Үнэлгээний комиссын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 1.2 их наяд төгрөгийн тендерт Хөгжлийн банканд 107 тэрбум төгрөгийн өртэй "Моннис майнинг" ХХК-ийг шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдож байжээ. Харин уг үйлдлийг нь Нүүрсний хулгайн хоёр дахь хэсэг нь гарч байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар байнгын хорооны хурлын үеэр тодотгож байсан байна. Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн банканд 107 тэрбум төгрөгийн өртэй "Моннис майнинг" ХХК "Эрдэнэс тавантолгой"-гоос зарласан ЭТТ ХК /2023/02/001 дугаартай тендерт 1.2 их наяд төгрөгийн тендерт ялалт байгуулсан байна. Хоёрдугаар багцад нь. Энэ шударга үнэн үү. Тендерийн тухай хууль зөрчиж, улсад өртэй компанийг шалгаруулсан нь дараагийн нүүрсний хулгай явсан байна шүү дээ" хэмээж байжээ. 

-"МОННИС МАЙНИНГ"-ИЙН ТЕНДЕРИЙГ ЯРИХ НЬ ЗОХИСГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ШҮҮМЖЛҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Харин тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбуу нь "Эрдэнэс тавантолгой" ХК нь Цанхын баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын төсөвт өртөг нь 647 тэрбум 472 сая 63 мянга 310 төгрөг байсан. Бид тендерийн баримт бичиг дээр нэг метр куб уулын цулын ажлыг 11 мянга 982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан...

"Моннис майнинг" ХХК нэр бүхий харилцагч банкнаас өр төлбөргүй гэдгээ тодотгож, тендерт орсон. Байнгын хорооны хуралдаан дээр нэг тендерийн талаар яриад байх нь хэр зохимжтой вэ гэдгийг дор бүрнээ бодох хэрэгтэй" гэх зүйлийг ярьж, шүүмжлэлд өртөж байсан байна. Түүний энэхүү үйлдлийг Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг эсэргүүцэж, гишүүний юу ярих, юу ярихгүй заахгүй шүү. Хагас их наядаар гэрээ хийчхээд зохистой, зохисгүйг нь яриад сууж байж болохгүй гэдгийг сануулж байжээ. 

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг дээрх тендертэй холбоотой гэх мэдээлэл дахин гараагүй бөгөөд хууль хяналтын байгууллагаас ч түүнийг шалгаж, гэм буруутай болохыг тогтоогоогүй байдаг. Харин түүнийг өнгөрсөн аравдугаар сард "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.