iSee.mn сайтын редактор Т.Хулантахь АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын байгууллагын 80 дугаар чуулганаас мэдээллийг дамжуулж байна.
ВИДЕО:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд /2025.09-22, 23/ НҮБ-ын ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд оролцож байна. Ерөнхийлөгчийн тухайд жил бүр тус өндөр дээд хэмжээний чуулганд оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлдэг билээ. Энэ жил НҮБ-ын ерөнхий ассамблейн 80 жилий ой тохиож байгаагаараа онцлогтой бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлнэ. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй “ сэдвээр зохион байгуулж, 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр өндөр дээд түвшний хүндэтгэлийн хуралд оролцож, хоёр талт уулзалтуудыг хийхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Прабов Субианта, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзаж санал солилцох юм. Монгол Улс НҮБ-т 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэнээс хойш 64 жил өнгөрсөн байна. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсын тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм. Манай улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж ирсэн.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ Ерөнхий ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан. Эдүгээ манай улс дараах 5 тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулж байна.
Үүнд:
- “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”
- “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”
- “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”
- “Бичиг үсгийн боловсролын тухай”
- “Ардчиллын боловсролын тухай”
- Монгол Улсын 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ээр зарлуулах санаачилга дэвшүүлж, батлуулсан.
Харин энэ жилийг “Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг санаачлан батлуулжээ. Харин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулган, мөн ирэх жил Монгол Улс НҮБ-д байгууллагад элссэний 65 жилийн ойг угтуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг ажил хэрэг болгож, “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан. Мөн 2025 оны Зургаадугаар сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах нийт 7 ажиллагаанд нийт 900 цэрэг, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч нийт 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 16 дугаарт, нийт энхийг сахиулагчдын тоогоор 18 дугаарт эрэмбэлэгдэж байна.