Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах, Эмч, багш нарын цалинг нэмэх саналын хүрээнд ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100306 иргэний санал авсан тул асуудлыг хэлэлцэн ХХОАТ-ын 21.2.1 заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахыг зарчмын хувьд дэмжин, сайтар судлаж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг 1993 оноос эхлэн ногдуулж эхэлсэн бөгөөд уг татвар нь орон нутаг, сум дүүргийн анхан шатны төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төсвийг бүрдүүлэгч гол орлого болдог байна. 2024 оны байдлаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвараас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн төсөлд ХХОАТ-аас 95 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Одоогоор орон сууц борлуулж буй иргэдийг бизнес эрхлэгч үү, хувь иргэн үү гэсэн ангиллыг гаргаагүй байгаа аж.
Байнгын хорооны гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хэлж байв.
Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ хувь хүний хэрэгцээнд үү, үл хөдлөх хөрөнгө борлуулагч бизнес эрхлэгч үү гэдгийг ялгаж бизнес эрхлэгчдэд хуулийн цоорхой гаргахгүй байх, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй талаар хэллээ. Монгол Улсын иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл ирүүлснийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33083 иргэний санал авсан байна. Байнгын хорооны гишүүдийн зүгээс асуудлыг хэлэлцүүлэхэд холбогдох яамдын сайдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэн хэлэлцэх асуудлыг хойшлуулав.