Геологийн цаг хугацааны хувьд хамгийн эртний үед хамаарах “Цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ. Эх орноосоо хүзүүний яснаас бусад хэсэг буюу бараг л бүтнээрээ олсон олдвор дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь “Цул толгойт” үлэг гүрвэлийн толгойн хэсгийг л олж байсан түүхтэй. Гэтэл Монгол эрдэмтэд бүтнээр нь гээд хэлж болохоор олдворыг олсноор тус бүлгийн үлэг гүрвэл юунаас үүссэн бэ гэх асуултын хариултыг дэлхий нийт мэдэх боломжтой болж байна. Энэ ч утгаараа Монгол эрдэмтдийн олдворыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж эхэллээ.
ВИДЕО:
-Юуны өмнө энэ ховор олдворыг олсонд нь баяр хүргэе. Судалгааны ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ олдвор геологийн насны хувьд энэ бүлгийн амьтадаас хамгийн эртний гэдгээрээ онцлог. 100 гаруй сая жилийн өмнө буюу түрүү цэрдийн үеийн сүүл хэсэгт хамаарна. Дундговь аймгийн Баянжаргалан сумын зүүн хойд хил дээр байрлах “Хүрэн дух” олдворт газраас олсон. Тус байршилд 2022-2023 оны хооронд хийсэн судалгааны үр дүнд олдсон материал байгаа. Тус судалгааг Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзориг ахалсан бөгөөд тус хүрээлэнгийн судлаач Б.Буянтэгш, Б.Майнбаяр, доктор Х.Цогтбаатар нар бусад судлаач нарын хамтаар гүйцэтгэсэн.
-Энэ олдворыг онцлог юу байна. Олдвор бүтнээрээ олдсон уу?
-“Цул толгойт” үлэг гүрвэлийг зарим судлаачид “зузаан гавалт” гэж нэрлэх нь бий. Анатомийн болон бусад зүйлсийн хувьд их сонирхолтой амьтан. Анатомийн хувьд навч хэлбэрийн шүдтэй, үүдэн шүд нь гадас маягийн хэлбэртэй бөгөөд тусдаа байдаг. Толгойны хувьд зулай хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. Энэ орой хэсгээрээ мөргөлддөг байсан гэж үздэг. Гэхдээ мэдээж энэ бол 100 хувь батлагдсан асуудал биш. Мөн толгой нь овгор байгаа нь ижил сүргийн амьтад нэг нэгнээ таньдаг таних тэмдэг байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа. Цаашлаад энэ төрлийн амьтдын нүдний ухархай маш том байдаг. Энэ нь нүд сайн хөгжсөн буюу хараа маш сайн гэж үздэг. Магадгүй шөнө идээшилдэг байсан ч гэж үзэж болох юм. Олдворын хувьд толгой, доод эрүү бүтэн олдсон. Мөн энэ төрлийн амьтны урд мөч олдох нь ховор. Өөрөөр хэлбэл, хурууны арын яс гэсэн үг шүү дээ.
Энэ амьтны сүүлний үеүд бүгд залгаатай чигээрээ олдсон. Мөн сүүлэн дээр хөгжсөн шөрмөснүүд тэр чигээрээ чулуужсан байдалтай олдлоо. Зарим амьтдад ходоодны чулуу гэж нэрлэгдэх зүйл байдаг. Хоолоо боловсруулах зорилгоор чулуу залгидаг шувуу ч байдаг шүү дээ. Гэтэл энэ цул толгойт үлэг гүрвэлийн ходоодны чулуу олдсон анхны тохиолдол боллоо.
Хүн цуглуулаад тавьчихсан юм шиг жижигхэн мөлгөр хайрганууд чөмгөний ясан дээр хадгалагдаж үлдсэн байсан. Ихэнхдээ хэвлийн хөндийгөөс олддог. Товчхондоо, маш ховор, хамгийн эртний, сайн бүрдэлтэйд тооцогдох олдвор болоод байна.
-Судалгааг 2022 онд эхлүүлсэн гэж хэллээ. Тус “Хүрэн дух” гэдэг газрыг сонгосон шалтгаан юу байв?
-Энэ судалгааны ажил нь гурван улсын хамтарсан төслийн хүрээнд хийсэн гэдгээрээ онцлог. Судалгааны ажлын гол зорилго нь Монгол орны зүүн хэсэгт байрлах доод цэрдийн буюу 100 гаруй сая жилийн настай олдворт судалгаа хийх. Улмаар эртний биологийн онцлогийг тодорхойлох, онцгой цаг мөчүүдийг тодотгох юм. Хүрэн дух олдворт газрын хувьд үлэг гүрвэл, маш олон тооны эртний яст мэлхий, матар, зарим махан идэшт үлэг гүрвэл олдож байсан түүхтэй. Палентлогич нарын хувьд заавал нэг ажиллаж үзэх ёстой газар гэж үздэг.
-“Цул толгойт” үлэг гүрвэлийн талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өмнө нь бас танай хүрээлэнгийн олдвор болох “Ханхүүлуу”-г онцолж байсан. Энэ бол Монгол улсыг дэлхий нийтэд харуулж буй сайхан үйл явдал байна?
-Судлаач хүний нэг мөрөөдөл бол дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэх байдаг. “Nature” сэтгүүлийн хувьд дэлхийн хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр, танин мэдэхүйн, байгалийн шинжлэх ухааны нээлтүүдийг түлхүү нийтэлдэг. Дэлхийн хамгийн том сэтгүүл шүү дээ. Энэ сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлнэ гэдэг бол маш олон шаардлагыг давсан гэсэн үг.
-Хамгийн эртний “Цул толгойт” үлэг гүрвэлийг олно гэдэг шинжлэх ухаан талаасаа ач холбогдол өндөр байх.
-Тийм ээ. Энэ төрлийн амьтад ямар амьтнаас үүсэж, хөгжсөн бэ гэх асуулт үргэлж байсан. Харин энэ олдвор нь тус бүлгийн үлэг гүрвэлийн хувьсал, хөгжлийн “түлхүүр” нь юм. Яагаад “түлхүүр” гэж нэрлэж байна гэхээр өмнө нь “цул толгойт” үлэг гүрвэлийн олдсон олдворууд дандаа хожуу цэрд буюу цэрдийн төгсгөл үед хамаардаг байсан. Энэ бүлгийн үлэг гүрвэлийн хамгийн эртнийх нь энэ.
Одоо бид хариултаа олох боломж, олдлоо гэсэн үг. Энэ амьтныг нарийн судалж мэдсэнээр ямар амьтнаас үүсэж хөгжөөд “цул толгойт” үлэг гүрвэл үүссэнийг мэдэх боломж дэлхий дахины өмнө нээгдлээ.
Тийм учир өнөөдөр дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологийн шинжлэх ухааны салбарынхан сонирхож, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч байна гэсэн үг. Цаашлаад толгой, эрүү бүтэн. Гарын мөч, ходоодны чулуу, сүүлний үе гээд хүзүүний яснаас бусдаар бараг л бүтнээрээ олдсон гэдгээрээ “Цул толгойт” үлэг гүрвэлийн хувьд хамгийн сайн бүрдэлтэйд тооцогдож байна.
-Гэхдээ судалгааны ажил одоо л эхэлж байна шүү дээ. Одоо судлах, судалгааны ажлаа эмхэтгэх гээд их ажил байна.
-Ер нь палеонтологийн шинжлэх ухаан бол дуртай үедээ дуртай олдвороо олдог салбар биш. Олон юм бүрдэж байж нэг олдвор олдог. Зарим талаараа аз байж ч мэднэ. Харин олдсон олдвор бол маш үнэтэй зүйл. Төлөвлөнө, төсөв зардлаа олох, хээрийн судалгаанд гарах, олдвор олдлоо гэхэд боловсруулна. Боловсруулна гэдэг нь энгийнээр бол цэвэрлэнэ л гэсэн үг юм. Гэхдээ боловсруулна гэдэг маш их хугацаа зарцуулдаг ажил. Манай хүрээлэнд 10 гаруй жил боловсруулж байгаа ч дуусаагүй сүрэг үлэг гүрвэлийн олдвор бий. Харин энэ олдворын хувьд онцгой олдвор байсан учир олны хүчээр хурдан дуусгалаа. Боловсруулж дуусаад судалгаа эхэлдэг. Гэхдээ манай салбарт судалгаа дуусна гэж хэзээ ч байдаггүй. Одоо энэ олдсон олдворт гэхэд тархины судалгаа, мэдрэлийн судалгаа зэргийг хийж болно шүү дээ. Шүдийг нь хүртэл судалж байгаад юу иддэг байсан бэ гэдгийг хүртэл судална. Тэгэхээр палеонтологийн шинжлэх ухаанд судалгаа дуусна гэх ойлголт байхгүй. Судалгаанд тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ гэж үзсэний дараа үзмэрт тавьдаг. Энэ олдворын хувьд ч ялгаагүй олон нийтэд үзүүлнэ.
-Олон нийтийн хувьд археологи, палеонтологийн салбарынхныг олон улстай хамтарч судалгаа хийхэд их харддаг санагддаг.
-Манай байгууллага бол төсвийн байгууллага. Тодорхой төсөв мөнгийг мэдээж улсаас авдаг. Гэхдээ хязгаарлагдмал. Томоохон судалгааны ажлыг олон улстай хамтарч хийдэг. Хоёр улс нийт зардлаа хувааж гаргаад хамтраад хийх нь хэн хэндээ ашигтай. Бид ч туршлага хуримтлуулна. Гаднын судлаачид ч бас манай улсад судалгаа хийж үзэхийг хүснэ шүү дээ. Олон нийтийн хувьд заримдаа харддаг. Ийм түүхэн судалгаанд гаднын улс орнуудтай хамтарч хийлээ, зардаг юм уу гэдэг. Манай улс бол хуультай. Соёлын өвийг хамгаалах өвийн тухай хуулиар эртний амьтан, ургамлыг олдворууд бүгд Монгол улсын өмч буюу ард түмний өмч гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Олдвороос үндэслэж тус амьтны эх зургийг гаргасан байсан.
-Тийм. Чөмгөний яс, сүүлний урт, толгойн хэмжээ зэргээс тодорхой аргачлалаар биеийн жин болон уртыг тооцоолох боломжтой байдаг. Харин энэ олдвороос үндэслэж 80 гаруй сантиметр урт биетэй, зургаа орчим кг жинтэй, өвсөн идэшт амьтан байжээ гэж үзсэн.
-Энэ олдворын ач холбогдол маш өндөр байх. Салбартаа, улс орондоо гээд.
-Энэхүү олдвор олдсон нь ач холбогдол маш өндөр. Нэгдүгээрт, эртний амьтан ургамлын олдвор нь бүгд соёлын өвд тооцогддог. Тэгэхээр дэлхийн хамгийн эртний үед хамаарах цор ганц энэ олдвор нь дэлхийн нийтийн өмнө Монгол улсыг онцгойлж өгнө. Мөн гадаадын жуулчдыг татах боломж. Учир нь энэ олдворыг биетээр үзэх боломж ганцхан манай улсад байна. тэгэхээр эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Ийм олдвор зөвхөн Монголоос л олддог. Монголоос л олдсоныг Монгол эрдэмтэд олоод нээчихсэн байна. Энэ бол Монголчуудын бахархал.