Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгаа аж. Сэлбэ 20 минутын хотод дэлхийд алдартай “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн спорт–бизнесийн түншлэлийг С.Тулга хариуцан ажиллах юм.
Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга "Би шинэ хотоос шинэ дэлхийн аваргуудыг төрүүлэх хүсэлтэй. Тийм ч учраас Сэлбэ хот төслийн Түншлэлийн менежерээр ажиллаж эхлээд байна. Шинэ үеийн хотын бодлого нь спортыг дэмжсэн, хүүхэд багачуудад илүү чиглэсэн байхад бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэжээ.