Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.09.17/ орон даяар эхэллээ. Тус шалгалт энэ сарын 17-23-ны өдрүүдэд ажлын таван өдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1986 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх аж.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Өдгөө Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй зохион байгуулагдах болсон. Түүнчлэн Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох дүрэм журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсноор иргэд шалгалтад тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэлээ.