Манай улсын хувьд нийгмийн даатгалын тогтолцоог чанаржуулах, сайжруулах, шинэ шатанд гаргах гэдэг ихээхэн чухал. Насаараа улс орныхоо төлөө зүтгэж, цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө хөлснөөс бид ирээдүй хойчдоо, эмээ өвөө болоод хэрэглэнээ гэж улс орондоо хадгалуулдаг. Гэтэл тэтгэвэр тэтгэмж өгөх дээрээ тулахаар амьдралд хүрэлцэхгүй, аяга хоолоо ч чанаржуулах боломжгүй мөнгө авдаг гэвэл буруу дуугарсан л лав болохгүй.
Өчигдөр харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдэээ нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх цаг болсоныг сануулав.
Тэрээр, Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн үед бий болсон бүтэц дээрээ “гацсан” гэсэн. Үнэхээр ингэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг иргэд гэрчлэх байх. Үнэндээ бол энэ гажуудлаасаа болоод ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байгаа нь үнэн. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна гэж Д.Амарбаясгалан дарга тодорхойлсон. Ийм учраас хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртайг хэлж байв. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүйг ч санууллаа. Нэгэнт бодит байдал дээр ийм байгаа учраас цаашид энэ улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон хэлж байсныг сануулья.