Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зохион байгуулсан анхдагч улс боллоо

Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зохион байгуулсан анхдагч улс боллоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалт 2025 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.

Тус сургалт нь Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын дэмжлэгтэйгээр, Үндэсний итгэмжлэлийн төв болон Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Сургалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх ‘Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал алхам юм. Авлигын эсрэг тэмцэл бол зөвхөн хууль, хяналтын байгууллагын бус, бүх байгууллага, нэгжийн менежментийн тогтолцооны асуудал юм” хэмээн онцлов.

ISO 37001 стандарт нь байгууллагын түвшинд авлигын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хянаж удирдах, мөн авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл юм. Монгол Улс энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулснаар бүс нутагтаа авлигын эсрэг стандартчиллыг манлайлах, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратегийн зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлж байна.