Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргажээ

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргажээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж, мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасныг мэдээллээ. Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах үндэслэл, шалтгааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байдлаар тайлбарлав.
  • Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагас жилд 5.6 хувь буюу Монголбанкны хүлээлтийн орчимд гарсан. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүллээ. Монголбанк 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6 хувь гэж тооцож байсныг 5.8 хувь болгож буурууллаа. Учир нь уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт бага зэрэг саарахаар байна.
  • Цаашид бүтээн байгуулалтын хэрэгжилтийн явц, гадаад дотоодын эрэлт, түүхий эдийн үнэ эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлөхөөр байна.
  • Төлбөрийн тэнцэлд нүүрсний үнэ томоохон эрсдэл дагуулсан хэвээр байна.
  • Хөрш орнуудын байдал болон худалдааны дайн зэргээс хамаарч гадаад худалдааны нөхцөл байдал тааварлашгүй, тодорхойгүй энэ үед Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг валютын нөөцөд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр хэрэгжүүлэх нь чухал байна.
  • Инфляц энэ оны эцэст зорилтын дээд хязгаар орчимд гарах төлөвтэй байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн нийлүүлэлтийн суурьтай инфляц өсөх, гадаад орчны тодорхой бус байдалтай холбогдуулан инфляц өдөөгдөж магадгүй байдал ажиглагдаж байна.
    Иймд, бодлогын тууштай байдлыг хангах, зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.