“Даргын хүүгийн тансаг хэрэглээнд дургүйцсэн” ардын жагсаал Непалд давтагдлаа

“Даргын хүүгийн тансаг хэрэглээнд дургүйцсэн” ардын жагсаал Непалд давтагдлаа

Непал Улсад 13-28 насны залуусын эхлүүлсэн жагсаал цуглаан ширүүсч, өчигдөр Засгийн газрын ордноо шатааханд хүргэлээ. Эл үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татахын хирээр манай улсад өнгөрсөн болоод өнгөрсөн үйл явдалтай тун төстэй. Нэг өөр зүйл нь Балбын залуус хариуцлагыг илүү чанга үүрүүлж байх шиг харагдана.

-НЕПАЛ УЛС НЬ ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ДУНДАЖ ОРЛОГО БАГА, ЭДИЙН ЗАСАГ БУУРАЙ, ХОЁР ТОМ ОРНЫ ДУНД ОРШДОГ, ҮЙЛДВЭРЛЭГЧ БУС ОРОН ГЭДГЭЭРЭЭ МАНАЙ УЛСТАЙ ТӨСТЭЙ-

Непал Улс бол Ази тивийн өмнөд хэсэгт Гималайн нурууны өвөр бэлээр Хятад, Энэтхэг хоёр томоохон орны дунд байх далайд гарцгүй, 26 сая хүн амтай улс. Тэд далайд гарцгүйгээрээ манай устай тун төстэй. Түүнчлэн Непалын Ерөнхийлөгч нь ёслолын үүрэг гүйцэтгэж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашдаг бол Ерөнхий сайд нь эрх мэдэл бүхий гүйцэтгэх засаглалын удирдлагын үүргийг гүйцэтгэдэг. Мөн энэ улс нийт бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг хөдөө аж ахуйгаасаа гарган авдаг.

Дундаж орлого нь 1470 ам.доллараас доогуур орлоготой орнуудын нэг бөгөөд олон жилийн турш ядууралд нэрвэгдсэн, эдийн засгийн хөгжил буурай орны тоонд орсоор ирсэн.

Мөн залуус нь гадагш гарч ажил хийж, амьдралаа залгуулах нь олонтаа. Нийгмийн давхарга, кастын систем гаарсан тул дундаж давхарга цөөн. Мөн нийт нутгийн ердөө 20 орчим хувьд л газар тариалан эрхлэх боломжтой хэрнээ хөдөө аж ахуйн салбар нь эдийн засаг, гол амжиргааг нь тодорхойлдог нь сонирхолтой. Түүнчлэн Монголтой нэг ижил зүйл нь Непал Улсын бараг тал хувийг 20-оод насны залуус эзэлдэг. Энэтхэгтэй хил залгаа олон жил явсан тул тус улсаас эдийн засаг, улс төрийн хувьд нэлээд хамааралтай. Гэхдээ ганц ч улсын колончлолд орж байгаагүй Азийн цөөн хэдэн улсуудын нэг юм.

-ӨНГӨРСӨН ХАВАР УЛС ТӨРЧИЙН ХҮҮХДИЙН ТАНСАГЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГССАН МОНГОЛ ЗАЛУУСЫН “ОРЛОГОО НОТОЛ” ЖАГСААЛ БАЛБАД ЭХЛЭЭД БАЙГАА ЭНЭ ЖАГСААЛТАЙ ТУН ТӨСТЭЙ-

Непалд энэ оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн цахим флатформууд буюу фэйсбүүк, инстаграм зэрэг 26 флатмормыг хаах шийдвэр гаргасан. Эрх баригчид энэ шийдвэрээ худал хуурмаг мэдээлэл, цахим залилангаас сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч тус улсад хэдэн долоо хоногийн өмнөөс өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаглалыг илчлэх “nepo kids” хөдөлгөөн цахим сүлжээнд нь өрнөж байсантай холбоотойгоор уг арга хэмжээг авсан гэж үзэж байгаа юм. Улмаар эрх баригчид гаргасан шийдвэрээ яаралтай цуцалсан ч орон даяар үргэлжилж буй жагсаал аль хэдийнээ зогсоох боломжгүй хэмжээнд хүрсэн байв. Цахим орчныг хаасан энэ шийдвэр нь зүгээр л залуусын тэсрэх цэг байсныг илтгэнэ. Учир нь Непал улсад нийгмийн давхарга, ялгаа ихтэй, авлигад идэгдсэн, олон жил ядуу буурай байсан, залуус ажил хөдөлмөр эрхлээд ч эх орондоо сайхан амьдрах орчин, нөхцөл бүрдэхгүй байсан зэрэг үйл явдлууд нь энэ том жагсаал цуглаан болох, ингэж хурцдах гол шалтгаан болсон байна.

Тэгвэл эл үйл явдал өнгөрсөн хавар Монголд болоод өнгөрсөн үйл явдалтай тун төстэй. Тодруулбал, өнгөрсөн хавар манай улсад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаглал, найз бүсгүйдээ авч өгсөн үнэтэй бэлэг олны анхаарлыг татаж, залуус жагсаж эхэлсэн.

Тэд ч мөн Непалын жагсаал хийж буй залуустай ижил зүйлийг ярьцгааж байв. Тухайлбал, Нийгмйин систем авлигажсан, залуус эх орондоо сайхан амьдрах боломж байхгүй, татвар өндөр. Гэтэл төрийн томоохон албан тушаалтны, ямар ажил хийдэг нь тодорхойгүй, оюутан хүүхэд найз охиндоо үнэтэй бэлэг өгч байгааг орлогоо нотлох шаардлагатай хэмээн үзэж, тийнхүү жагсаж байсан билээ. Үүнийг дагаад хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаг хэрэглээ илчлэгдсэн ч зарим нэг нь сошиал хаягаа устгах, зарим нь түр хааснаар улс төрчдийн хүүхдүүдийн тансаг хэрэглээний асуудал тэгсгээд намжсан. Улмаар жагсаалын үр дүнд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа огцорсон. Балбын Ерөнхий сайд ч мөн огцроод байна.

Мөн эл хоёр жагсаалыг зохион байгуулж байгаа залуусын хэлээд байгаа гол зүйл бол хэдий хичээж, зүтгэсэн ч залууст боломж олдохгүй байгаа асуудал. Угаас боломж гэдэг зүйл залууст харилцан адилгүй оногддог байх учиргүй. Непал ч үүний тод жишээ болж байна. Нэг өөр зүйл нь Непалын залуус зөвхөн огцруулаад зогсох бус, хариуцлагыг нь арай чанга үүрүүлж байгаа харагдана. Ийнхүү өнгөрсөн хавар Монголд болсон жагсаал, Непалд яг одоо болж буй жагсаал нэг зүйлийг харуулж байгаа нь улс төрчдийн хүүхдүүдийн тансаглал, тэгш бус боломж, авлига энэ бүгдийг залуу үе дахиж тэвчихгүйг харуулж байна. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө