Г.Эрэгзэн: Дэлхийн хамгийн томд тооцогдох, 80 метрийн урттай, гурав дахь жилдээ малтаж буй булш нь Хүннүгийн хааных байх магадлалтай байна

Г.Эрэгзэн: Дэлхийн хамгийн томд тооцогдох, 80 метрийн урттай, гурав дахь жилдээ малтаж буй булш нь Хүннүгийн хааных байх магадлалтай байна

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтарсан "Мон-Сол" төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хоёр улсын хамтарсан төслийн хүрээнд дэлхийд хамгийн том тооцогдохоос гадна Хүннүгийн хаан байх магадлал өндөртэй малтлага эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл хамгийн сүүлийн малтлагын талаар ШУА-ийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны дурсгалт газарт байх хүннүгийн язгууртны булшийг манай улсын археологич, судлаачид анх хэзээ судалж мэдсэн юм бол. Өмнө нь малтлага хийж байсан болов уу?

--Дуурлиг нарсны дурсгалт газар Хүннүгийн үеийн олон булш байгаа гэдгийг анх 1974 онд ахмад археологич Х.Пэрлээ, Д.Цэвээндорж нар илрүүлсэн байдаг. 1974 онд мэдсэн ч шинжлэх ухааны эргэлтэд ороогүй. Улмаар Монгол Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд яг хэдэн булш байгааг тодруулах бүртгэл хийсэн. Тухайн үед Япон Монголын судлаач археологич нар багагүй хугацаанд ажиллаж, 198 булшийг бүртгэж баримтжуулсан байдаг. “Гурван гол” төслийн хүрээнд нэг л булшинд гео радарын судалгаа хийсэн. Тус булш маш гүнд байсан учир судалгаагаар олигтой үр дүн гараагүй. Тэгэхээр “Гурван гол” төслийн хүрээнд Дуурлиг нарсны дурсгалт газарт байх булшны анхны бүртгэлийг хийсэн гэж ойлгож болно. Үүнээс хойш Хүннүгийн судалгааны 100 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаан-Үд хотод 1999 онд болсон байдаг. Энэ хурлын үеэр академич Д.Цэвээндорж Дуурлиг нарсны дурсгалт газар байх Хүннүгийн язгууртны булшны талаар мэдээлсэн байдаг. Үүнээс хойш судалгааны ажил огт хийгдээгүй. Ийм түүхтэй.

-ДУУРЛИГ НАРСНЫ ДУРСГАЛТ ГАЗАР ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ 299 БУЛШ БАЙГААГ ТОГТООЛОО-

-Дуурлиг нарсны дурсгалт газар Монгол, БНСУ-ын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд судалгаагаа хэзээ эхлүүлсэн бэ?

-“Мон-Сол” төслийн хувьд анх 2002 онд тус бүс нутагт судалгаа, малтлага хийх боломж байгаа эсэх тал дээр урьдчилсан судалгаа хийсэн байдаг. Улмаар маш чухал дурсгалт газар, судалгаа хийх боломжтой гэдгийг тодорхойлсон. Ингээд 2006 оноос малтлагын ажил эхэлсэн. Дуурлиг нарсны дурсгалт газар бол эргэн тойрон битүү нарсан ойд, маш олон булш байдаг. Анх яг хэдэн булш байгаа, ямар зохион байгуулалттай байгаа болон үйл явцын талаар мэдэх хэрэгтэй байсан. Ийм учир дурсгалт газрын баруун өмнөд талаас судалгааг эхэлсэн. 2006-2011 оны хооронд гурван язгууртны булш болон язгууртны булшийг дагалдуулсан жижиг нэг дагуул булшны судалгааг хийсэн. Тухайн үед манай улсын судлаач нар хүннүгийн язгууртны булшийг ухаж байсан туршлага их байгаагүй. Иймд арга зүйгээ тодорхойлох зорилгоор жижиг язгууртны булшийг малтсан. Энэ булшны судалгаа дээр нүх нь маш гүнзгий байсан учир их цаг хугацаа шаардсан. Хүндрэлтэй зүйлүүд ч их тулгарсан. Анхны жижиг язгууртны булшийг нэг жилд хоёр сараар буюу хоёр жилд дөрвөн сарын хугацаа зарцуулж малтсан байдаг. Нийт найман метрийн гүнтэй, дээд чулуун байгууламж нь 8x11 метрийн хэмжээтэй, урдаа 15 метрийн үүдэвчтэй байсан. Тус булшийг бүтэн малтаж дуусахад модон бунхантай, модон австай байсан бөгөөд модон авсыг тойруулж алтан цэцэгтэй чимэглэлийг хадаж өгсөн маш гоёмсог авс гарч ирсэн. Тухайн дурсгалыг тонуулчид эрт цаг тонож, сүйтгэсэн байсан. Хүнээ дагалдуулсан эд өлгийн зүйл харьцангуй бага олдсон. Гэхдээ оршуулгыг дагалдуулсан тахилын идээ ундааны зүйлс, сав суулганы хадгалалт гайгүй байсан. Тус булшны судалгааны ажил 2008 онд дууссан байдаг. Түүний дараа дагалдуулсан жижиг дагуул булшийг малтсан. Тус булш нь эмэгтэй хүн байсан бөгөөд ваар сав зэрэг зүйлс олдсон. Энэ мэт гурван язгууртны булш, нэг дагуул булшийг малтсан гэж ойлгож болно.

-ХЯЛГАСААР ХИЙСЭН АДУУНЫ ЖОЛОО, ХАЗААР АНХ УДААГАА БҮТЭН ХАДГАЛАЛТТАЙ ГАРЧ ИРЛЭЭ-

-2002-2011 оны хооронд нийт гурван Хүннүгийн язгууртны булшийг малтаж дуусгасан байна. Судалгааны үр дүн ямар байв?

-Тус судалгаагаар өмнө нь олдож байгаагүй олон эд өлгийн зүйлс олдсон. Мөн булшны бүтэц зохион байгуулалтын тал дээр тэмдэглэгдэж байгаагүй олон мэдээлэл авсан. Анхны судалгааны үр дүн сайн байсан. Тус гурван оршуулга I-р зууны төгсгөл үед хамаарах нь тодорхой болсон. Цаашлаад аль цаг үед тоногдож, сүйтгэгдсэн нь гэдгийг ч мэдсэн. Эд өлгийн зүйлсээр БНСУ-д “Хүннүгийн булшны судалгааны үр дүн” үзэсгэлэнг 2009 онд гаргасан. Мөн тус үзэсгэлэнг эх орондоо Монголын үндэсний музейд гаргаж, олон нийтэд танилцуулсан. Мэдээж, бүх эд өлгийн зүйлийг засварлаж Монголын үндэсний музейд хүлээлгэж өгсөн. 

-Эд өлгийн зүйлээс юу гарч ирсэн бэ. Анхаарал татсан зүйл байв уу?

-Дуурлиг нарсны дурсгалт газраас гарч байгаа эд өлгийн зүйлс бүгд шинэ. Тухайлбал, чулуугаар хийсэн гоёмсог зүүлт, хаш эдлэл, адуу малын тоног хэрэгсэл байна. Тэр дундаа анх малтсан нэгдүгээр булшнаас зургаан ширхэг алтаар шарсан хүрэл адууны бүтэн тоног гарсан. Хялгасаар хийсэн адууны жолоо, хазаар анх удаагаа бүтэн хадгалалттай гарч ирлээ. Сонирхолтой олон зүйл гарсан. Ер нь Хүннүгийн язгууртны булш байдаг 10 томоохон дурсгал бий. Тэр дотроо хамгийн томд орох дөрвөн газар бий. Үүний нэг нь Дуурлиг нарсны дурсгалт газар. Хамгийн олон, хамгийн том булшнуудтай гэдгээрээ ноёлох дурсгал.

-МОНГОЛ УЛСАД 80 МЕТРИЙН УРТТАЙ ТОМ БУЛШ МАЛТАЖ БАЙГААГҮЙ-

-2011 онд гурван Хүннүгийн язгууртны булшийг малтсан байна. Үүнээс хойш дахин судалгаа хийсэн үү?

-2011 онд судалгааны ажил хийсэн булшнуудыг нүхийг бөглөж, засварласан. Улмаар 2012 онд Дуурлиг нарсны дурсгалт газрын Хүннүгийн булшны эхний шат дууссан гэж ойлгож болно. Судалгааны эхний шат дуусахтай зэрэгцэн Дуурлиг нарсны дурсгалт газар бүтэн дэвсгэр зураглал хийж, булшийг дахин бүртгэсэн. Бүртгэлийн явцад хоёр хэсэг оршуулга байгаа нь тодорхой болсон. Нэг хэсэг нь 20 гаруй жижиг булштай бол нөгөө нь 200 гаруй булштай том оршуулга болж таарсан. Нийтдээ 299 Хүннүгийн язгууртны булш бий. Гэхдээ энэ бол дагуул жижиг булшийг оруулаагүй тоо. Өөрөөр хэлбэл, чулуун дараас нь ил гарсан буюу мэдэгдэж байгаа 299 том хэмжээтэй буюу хүннүгийн язгууртны булш гэсэн үг. Цаашид булшны тоо нэмэгдэх боломжтой.

-Яг одоо малтаж байгаа манай улсын археологийн түүхэнд хамгийн томд тооцогдох 160-р булшийг хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?

-2017 онд Дуурлиг нарсны дурсгалт газар дахин судалгаа хийж эхэлсэн. Хэзээнээс энэ газарт булш байгуулж эхэлсэн бэ гэдгээс эхлээд олон асуулт хэвээр байсан. Оршуулгын талын хамгийн урд хэсгийг өмнө нь судалчихсан шүү дээ. Иймд Дуурлиг нарсны дурсгалт газрын толгой талд буюу хамгийн хойд талын хэсэгт судалгаа хийхээр шийдсэн. Он цагийн хувьд хамгийн эрт байх болов уу гэж таамагласан. Энэ судалгааг хийсний дараа он цагийн хувьд зураглал гарах болов уу гэж найдаж байна. Мөн яг одоо малтаж байгаа 160-р булшны хэмжээ их анхаарал татсан. Тус 299 булшны хамгийн том хоёр булшны нэг. Яг одоо малтаж байгаа 160-р булшны урт 77 метрийн урттай. Харин нөгөө нь 100 метрийн урттай байгаа юм. Энэ 160-р булшийг малтаж, судалж дууссаны дараа зэрэг дэв, харилцаа холбоо, он цаг гээд олон асуултын хариу гарах байх гэж найдаж байна.

-ОДОО МАЛТАЖ БУЙ 160-Р БУЛШ ХҮННҮГИЙН АЛЬ ҮЕИЙН ШАНЬЮЙ БАЙХ НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА-

-Тэгэхээр 160-р булшны малтлага 2017 оноос хойш үргэлжилсэн гэж ойлгож болох уу?

-160-р булшинд 2018, 2019 онд геофизикийн судалгаа хийсэн. Эргэн тойронд нь дагуул хэдэн булш байгааг нарийн тогтоох зорилгоор хийсэн гэсэн үг. Судалгаагаар эргэн тойронд зургаан ширхэг дагуул булш байгаа нь тогтоогдсон. 2019 онд зургаан дагуул булшийг малтаж, судалсан. Зургаан дагуул булш бол 160-р булштай шууд хамааралтай байх боломжтой. Улмаар 2020 оноос үндсэн язгууртны булшны малтлага эхлэх байсан ч ковид гарчихсан. Ингээд 2023 оноос 160-р булшны малтлага эхэлсэн байдаг. Өнгөрсөн гурван жилд буюу зургаан сарын хугацаанд малтлага хийхэд дөнгөж найман метр ухаж байна. Энэ булш бол 16-20 метр байгаа болов уу гэж таамаглаж байна. Цаашид 2 жилийн хугацаа шаардлагатай байх гэж төлөвлөж байгаа.

Булшны хувьд маш том. 40x40 харьцаатай чулуун байгууламжтай, 30 орчим метрийн үүдэвчтэй. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн хоёр мянга гаруй язгууртны булшнууд дотроос эхний тавд орох хэмжээтэй гэсэн үг.

Өмнө нь Улаанбаатар их сургуулийнхан нэг удаа иймэрхүү том хэмжээтэй булшийг нэг удаа ухаж байсан удаатай. Өөрөөр бол ийм том хэмжээтэй булшийг Монгол улсад малтаж байгаагүй. 160-р булш шиг хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш дэлхийд ч байхгүй. Мэдээж, энэ булш эрт цаг тоногдсон байсан. Тоносон ул мөр харагдаж байгаа. Гэхдээ том булш учир олдвор, эд өлгийн зүйл байгаа байх гэж найдаж байна. Хүннүгийн язгууртны булшны онцлог өөрөө гадна талын хэмжээ том байх тусам тухайн оршуулсан хүний зэрэг дэв өндөр байдаг. Ингээд харахаар 160-р булш Хүннүгийн шаньюй байх магадлалтай. Харин аль үеийн шаньюй байх нь анхаарал татаж байна. 

-Энэ том хэмжээтэй булшны малтлагад хэдэн хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төсөв санхүүгийн хувьд ямар байдаг бол?
-Манай хүрээлэн, БНСУ-ын үндэсний музей, Монголын үндэсний музей гээд гурван байгууллагын 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бүх зардлыг БНСУ талаас гаргадаг. Нэг оюутны цалин л өдрийн 100 мянга. Тэгээд хоол хүнс, цалин, техник хэрэгсэл гээд бодоход зөвхөн нэг өдрийн зардал 5-6 сая төгрөг. Хоёр сарын хугацаанд гэхэд 400 орчим сая төгрөг шаардлагатай.

-Иймэрхүү түүхэн том, ач холбогдол өндөртэй малтлагад төр, салбар яамнаас дэмжлэг үзүүлдэг үү?
-Салбар яамнаас ямар ч дэмжлэг байдаггүй. Тодорхой төсөв бидэнд өгч байсан түүх ч байхгүй. Гаднын төслөөр л малтлагаа хийдэг. Харин хээрийн судалгааны зардал гэж 50 орчим сая төгрөгийг хүрээлэнд өгдөг. Гэхдээ манайх гэхэд 50 орчим хээрийн судалгааны багтай. Тэгэхээр 50 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Гаднын байгууллагын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалтаар шийддэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын компаниуд ч мөн ивээн тэтгэдэг.

-БНСУ-тай хамтарч буй “Мон-сол” төслийн хувьд. Солонгос улсын талаас санал тавьсан юм уу. Яагаад заавал Солонгос улсыг сонгох болов.

-Хүмүүс их харддаг. Бас асуудаг. Солонгосчуудтай хамтарч байгаа шалтгаан чинь юу вэ. Эд өлгийн зүйлээ БНСУ-руу зардаг юм уу гэдэг. Манай улс чинь хуультай. Ямар нэгэн олдвор, эд өлгийн зүйл олдох юм бол төрийн өмч байдаг. Олдож байгаа бүх эд өлгийн зүйл цаашлаад дээж нь хүртэл байгаа. Гадагшаа зарах ямар ч боломж байхгүй. БНСУ-ын судлаачидтай зөвхөн судалгаа дээр л хамтардаг. Дэлхийд үнэлэгдэх энэ том өв дээр БНСУ хамтарч ажиллана гэдэг тус улсын нэр хүндэд хүртэл хэрэгтэй шүү дээ. Тэр л утгаараа БНСУ-ын үндэсний музейтэй хамтарч ажиллаж байна. "Мон-Сол" төслийн хувьд 1997 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд маш олон малтлага, судалгааг хийсэн байна. Зөвхөн манай хүрээлэн дээр гэхэд дэлхийн 14 улсын 50 гаруй байгууллага хамтарч ажиллаж байна.

-ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ЗУРГААН ДУРСГАЛЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ-

-Цаашид энэ төрлийн малтлага, судалгаа хийх үү. Бидэнд хэрэгцээ шаардлага бий юу?

-Нэг үеийг бодоход Хүннүгийн булшны талаарх ойлголт цэгцэрчихлээ. Тэгэхээр тийм ч их малтлага хийгээд байх шаардлага байхгүй. Малтлага хийлээ ч ямар үндэслэлээр вэ гэдэг чухал. Бид одоо олдворуудаа нарийвчилж судлах нь чухал байна. Мөн Хүннүгийн язгууртны булшийг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлэх гээд өнгөрсөн жил номинациа хүргүүлсэн. Улмаар энэ оны хоёр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн хороо хүлээж авсан байгаа. Ирэх жилийн долдугаар сар гэхэд Монгол улс Хүннүгийн язгууртны булшаа ЮНЕСКО-д бүртгүүлж чадах эсэх шийдэгдэнэ. Манай хүрээлэнгийн зүгээс ач холбогдол өндөртэй, сайн судлагдсан зургаан дурсгалыг дэвшүүлсэн. Тухайлбал, Ноён уулын дурсгал, Дуурлиг нарсны дурсгал, Гол модны дурсгал, Гол модны дурсгал 2, Тахилтын хотгорын дурсгал, Чихэртийн зоогийн дурсгал багтаж байна. Бүтгэгдэх магадлал өндөр гэсэн эхний дүгнэлт ирээд байгаа.

-ДУУРЛИГ НАРСНЫ ДУРСГАЛУУДЫГ ТҮШИГЛЭЖ 3,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТЭЙ МУЗЕЙ БАЙГУУЛНА-

-Дуурлиг нарсны дурсгалт газрын олдворуудыг түшиглэж тус бүс нутагт музей байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Дуурлиг нарсны дурсгалт газар “Судалгаа мэдээллийн төв” байгуулна. Нарсан ойн хойд талд хоёр га газар аваад хашаалчихсан. Судалгаа мэдээллийн төвийн зураг төслийг нь гаргачихсан. Санхүүжилтийг Хэнтий аймгаас гаргахаар төлөвлөсөн. Гэсэн ч сая Засгийн газар төсвөө хэмнэж, төрийн албан хаагчдыг хүртэл орон тоог цөөлөхтэй зэрэгцэн санхүүжилтийн асуудал түр хойшилсон. Төлөвлөгдсөн хугацаагаар бол өдийд аль хэдийн байгуулагдчихсан байх байлаа. Судалгаа мэдээллийн төв нэртэй ч энэ бол орон нутгийн дурсгалт газрыг түшиглэсэн музей гэж ойлгож болно. Хоёр том танхимтай байх бөгөөд нэгдүгээр танхимд Хүннүгийн түүх соёлыг танилцуулах үзмэртэй байх бол хоёрдугаар танхимд Дуурлиг нарсны дурсгалт газрын малтлага, үр дүнг харуулах эд өлгийн зүйлүүд байна. Судлаачдын байрлах байр, хурлын заал, хоолны танхим, олдвор хадгалах өрөө зэргийг ч мөн багтаахаар төлөвлөсөн. Гэхдээ зөвхөн зун буюу дулааны улиралд ажиллах нь тохиромжтой байх. Өвөл ажиллуулна гэдэг хүндрэл их. Төсвийн хувьд 3.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Их хуралдай, Шихихутаг гээд олон цогцолбор Хэнтий аймагт бий болж байна. Эдгээр цогцолборуудтай ойрхон, агуулгын хувьд чухал, дэлхийд танигдсан дурсгалт газар учир жуулчдыг их татна гэж бодож байна. Мөн мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгнө гэдэг чухал шүү дээ.

-Хэнтий аймагт тус музейг байгууллаа гэж бодоход хадгалалт, хамгаалалтын асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Бидэнд орон нутагт музей байгуулсан хангалттай туршлага бий юу?

-Бидэнд сайн туршлага бий. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорум музей байна. Чингис хааны байгуулсан Хархорум хотыг түшиглэсэн тус музейд байгаа эд өлгийн зүйлс бол археологичдын олж, илрүүлсэн зүйлс. Энэ музей маш сайн ажиллаж байна. Жилдээ 20-30 мянган жуулчдыг хүлээж авдаг. Тус нутагт очсон хүн бүрийн үздэг газар болчихсон байна. Мөн Хөшөө Цайдам музейг ч энд дурдаж болно. Энэ хоёроос өөр орон нутгийн дурсгалыг түшиглэсэн музей байхгүй ч гуравдах музейг байгуулахаар зорьж байна. Уг нь бол энэ зайлшгүй байх ёстой зүйл. Харамсалтай нь манай Засгийн бодлого огт судлагдаагүй, шаардлагагүй, шинэ газар байгуулчихдаг. Өөрөөр хэлбэл, байгаа онохгүй байна.

-Шаардлагатай нийт санхүүжилт буюу 3.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэчих юм бол барилгыг барихад хэр их хугацаа шаардах вэ?
-Барилгыг маш хөнгөн байдлаар барина. Зургаан сарын дотор баригдаад дуусчихна. Улмаар музей доторх тохижилт, үзмэр дэглэх зэрэг ажилд зургаан сар шаардлагатай. Ингээд нэг жилийн дотор ашиглалтад орох боломжтой. Музей дотор тавих эд өлгийн зүйл бол хангалттай бий. Нийт 1000 гаруй эд өлгийн зүйл бий шүү дээ.

-Дэлхийн зарим улс оронд хаадын шарилаа музей болгоод амжилт олсон жишээ бий. 80 метрийн урттай энэ газарт ийм музей хийх боломж бий юу?

-Боломжтой. Бид судалж байна.Энэ хэмжээний том язгууртны булшийг бид дахиж малтаж чадахгүй шүү дээ.

Малтлага судалгаа дууссаны дараа маш том нүх үлдэнэ. Үүнийг ил музей болгох шаардлагатай. Бид энэ асуудлыг судлаад, зураг төсвөө гаргах гээд явж байгаа. Энэ бол заавал байх ёстой зүйл.

Орчин үед бүх зүйл хөгжөөд боломж бол хангалттай бий. Салбар яамандаа одоогоор саналаа танилцуулаад явж байгаа.

-Сүүлийн үед судлаачид малтлагаа эхлэхтэй зэрэгцэн сошиалд дэлгэдэг хандлага, тренд гарлаа. Угтаа бол тоногдох нөхцөлийг бүрдүүлж байх шиг. Бас бүрэн судалж мэдээгүй байж энэ үед хамаарах олдвор гээд урьдчилж дүгнээд байгаа харагдаж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тийм ээ. Манай хүрээлэн гэхэд нийт 50 судалгааны багтай. Зарлаад байвал маш их үр дүн бий. Манай салбарын онцлог бол судалж, мэдсэн баталгаатай зүйлээ ярих ёстой. Гэтэл нэг булш дөнгөж эхлэхтэй зэрэгцэн тэр үед хамаарах, түүний булш гэж зарлаж болохгүй. Дуурлиг нарсны дурсгал дээр гэхэд бидэнд өмнө нь судлаад, мэдчихсэн байна. Саяхан, Сяньби үед хамаарах булш олдлоо гэх мэдээлэл их явлаа. Гэтэл тэр булшийг Сяньби үед хамаарах булш гэдэг нь батлагдаагүй шүү дээ. Зарим их сургуулийн хүмүүс байсан. Энэ бол маш хөнгөн хуумгай, нэр хүнд хөөсөн үйлдэл. Шинжлэх ухааны ач холбогдлоо унагаасан энэ үйлдэлд маш их харамсаж байна. Мөн Луут хот гээд хэсэг маш их зарласан. Гэхдээ Хүннүгийн нийслэл Луут хот юм байна гэдгээ батлаагүй шүү дээ. Зарим их сургуулийн хүмүүс байсан. Энэ бол маш хөнгөн хуумгай, нэр хүнд хөөсөн үйлдэл. Шинжлэх ухааны ач холбогдлоо унагаасан энэ үйлдэлд маш их харамсаж байна. Мөн Луут хот гээд хэсэг маш их зарласан. Гэхдээ Хүннүгийн нийслэл Луут хот юм байна гэдгээ батлаагүй шүү дээ. Он цаг нь ч тодорхойгүй байна. Уг нь бол хот суурин, томоохон хэмжээний барилга байгууламжийн малтлагыг 10, 20 жилийн хугацаанд хийдэг. Гэтэл хоёр жил хэдэн нүх ухаад худлаа сенсац үүсгээд байж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө