Хэлмэгдэгсдийн өдрийн бодрол

Хэлмэгдэгсдийн өдрийн бодрол

Өнөөдөр улс орон даяараа хэлмэгдэгсдийг дурсаж, түүхийн гашуун сургамжаа сануулж байна. Харин би чимээгүйхэн, өөрийгөө өдгөө цагийн нэг хэлмэгдүүлэлтийг алхам алхмаар туулж яваагаа эргэцүүлэн сууна. “Монголыг Монголчууд хөгжүүлнэ” гэсэн уриан дор эх орныхоо эдийн засагт бодит үнэ цэн бүтээхээр томхон төслийг үүрч явсан.

Дахивар төмрөөр эхэлсэн ч суурийг нь тавьж чадсан Дарханы төмөрлөгийг шинэчилж, дэд бүтэц татаж, боломжийн хэр хэмжээнд шинэ үйлдвэрийн судалгаа-тооцоогоо хийж, олон ч эрсдэлийн хүйтэн салхийг сөрсөн. Гэвч нэг л өдөр улс төрийн тоглоомын самбар дээрх “бай” нь болж, хавчилганд шахагдаж бүрэн зогсолтод орж, хийсвэр буруутгалын тухай тайлбар бичиж суудаг хүн болж хувирчээ.

Бид зах зээлийн хатуу мөчлөг дундуур, байгууллагын соёлыг өөрчлөх тэвчээр шаардсан дотоод реформ, техник-эдийн засгийн нарийн тооцоолол дундуур олон ажил амжуулж бүтээж чадсан, их ч хөрөнгө зарцуулсан. Төсөл үр ашигтай байх эцсийн цэгтээ очих болоогүй, бүтээн байгуулалтын шатандаа явж байсан атал “их ашиг олсон”, “төрийг хохироосон” хэмээх үнэнээс хол шошго наахад нь “тоглож байгаа байлгүй дээ” гээд итгэж ядан инээд ч хүрэх шиг болдог байлаа. Хөрөнгө оруулсан ч хураалгасан, эрсдэлийг үүрч, төслийг урагшлуулж ирсэн хэрнээ буруутан болдог систем оршин байсныг мэдэрлээ.

Түүнээс хойш ирээдүйгээ төлөвлөхийн оронд өнгөрснөө ойлгуулж хамгаалах бичиг цаасны ажилд цагаа бардаг боллоо. Зүглэнэ гэж төсөөлж ч байгаагүй мөрдөн шалгах байгууллага болон эрүүгийн шүүхийн хаалгыг татаж үзтэл, гүтгэж харлуулдаг сүрхий жүжгийн дүрд тоглож эхлээд нэгэн арванд дөхөж байна.

Хажуугаар нь “хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалт татна” гэсэн уянгалаг үгс сонсогдсоор л байна. Гэтэл бодит амьдрал дээр хөрөнгө оруулсан нэгнээ “нийгмийн дайсан” болгож зарлаж, харанхуй нүхэнд суулгачихсан байхад тэр сайхан уриа нь хоосон лоозон, хугацаа хожсон жүжиг шиг сонсогдоно.

Өнөөдөр байгаа систем нь яаж ажиллаад байгааг дотуур нь явж тодхон харж чадаж байна. Өөр бусдад дахин бүү тохиолдоосой гэж бодох юм. Мөрдөх байгууллага нь заавал буруутан болгоно гэсэн зорилго тээхээс чухам үнэнийг үл ойшооно, хяналт тавьдаг газар түүнийх нь удирдаач мэт, үнэнийг дэнслэх байгууллага нь хиймлээр үүсгэсэн нийгмийн уур амьсгалыг дагахыг илүүд үзнэ, төрийн албан хаагчид нь хөдөлбөл албан тушаал, эрх мэдлээ урвуулсан болчих гээд яаж ийж байгаад л хөдлөхгүй санаатай хөшөө мэт зогсоно, улс төрчид нь галтай сэдвээс зайлсхийж, хал балгүйхэн поп дуу аялах нь их болж. “Эрх мэдлээ урвуулсан” гэж буруутгах нь хэн нэгний үгээр явахгүй бол болохгүй гэдэг социалист агуулгатай субьектив занга мэт. Ийм хуультай орчинд зоригтой шинэчлэл, хөгжил хүлээх нь хоосон мөрөөдөл, хий горьдлого тээсэн юм болох биз. Минийхээр бол өөрчлөх ёстой зүйлсийн эхний эрэмбэд байх ёстой зүйл юм.

Гэхдээ бид зөвхөн уур, бухимдал тээж дурсгал хүндэтгэж суух учиргүй шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн түүхийг давтахгүй байх гарц бол хариуцлагатай, баримтад тулгуурласан, урт хугацааны тогтвортой дүрэм юм. Ингэж чадвал “хувийн” ба “нийтийн” ашиг сонирхол мөргөлдөх биш, харин хоршиж нийтийн баялгийг өсгөх нэг талбар болох учиртай.

Энэ өдөр бид ийм зүйлийг давтахгүй байх, ирээдүйд гаргахгүй байх амлалт өгч, алхам хийдэг байх учиртай. Өөр хэн нэг нь улс төрийн тоглоомын дараагийн бай нь болж, хэн нэгний хөдөлмөрийн үр шим дараагийн “шинэ хэлмэгдэл” болохгүй байхын төлөө. Маргаашийн хөрөнгө оруулагч дараа нь шүүхийн танхимд суухгүй байх итгэлтэй байх хэрэгтэй.

Одоо бодогдож байгаа гурван зүйл байна. Нэгд, бодлого ба хууль хэрэгжилтийн түвшинд ил тод, давхар шалгалттай механизм үүсгэе, шалгаад байгааг нь муулах биш, харин шалгагдахаас айхгүй байдаг тогтолцоо бий болгоё гэсэн үг. Хоёрт, олон нийтийн өмнө төслүүдээ бодитоор нь ярьдаг болж, түүнд улс төрийн өнгө хольдог муу зуршлаасаа салцгаая, ярьдгаа бус, хийдгээ үнэлдэг болцгооё л гэсэн үг. Гуравт, төр-хувийн түншлэлийн маргааныг “дайсан-найз” гэсэн хоёр туйл руу оруулах бус, харин мэргэжлийн экспертиз, эдийн засгийн бодит үнэлгээгээр шийддэг институц, чадварыг бий болгоё.

Хэрэв хэлмэгдүүлэлт айдас дээр босдог бол хөгжил итгэл дээр тулж босдог. Итгэл гэдэг бол хоёрхон зүйл: тогтвортой дүрэм, хэрэгждэг хууль. Үүнийг бий болгож чадахгүй бол “хөгжил” гэсэн үг уриа хэвээр үлдэнэ. Харин бүтээн байгуулалтын нүргэлсэн чимээ маань, мэдүүлгийн өрөөний дүнсгэрт дарагдсан хэдий ч зорилгоосоо ухраагүй байгаа бидний зарчим бол — улс төрийн богино ашиг сонирхлоос илүү урт настай үнэн гэж байдаг. Хэн нэгэн “Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг … “ гэсэн юм гэнэ лээ, гүйцэж л таарна.