Д.Ичинхорлоо: Компанийн хувьцаагаа зарна гэж бусдаас их хэмжээний мөнгө авсан ах, дүүс “хөөн хэлэлцэх хугацаа” дуусахыг хүлээж байж магадгүй байна

Д.Ичинхорлоо: Компанийн хувьцаагаа зарна гэж бусдаас их хэмжээний мөнгө авсан ах, дүүс “хөөн хэлэлцэх хугацаа” дуусахыг хүлээж байж магадгүй байна

“Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан ч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй, хохирогч бүсгүй Д.Ичинхорол манай сайтад хандсан юм. 

ВИДЕО: 

-“Штайнколе ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан ч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй юм байна. Асуудлыг дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-“Штайнколе ХХК-ийн 50 хувийн хувьцаатай холбоотой хоёр маргаан бий. Эхнийх нь бол миний бие 2021 онд Б.Чинбат гэдэг хүнээс 50 хувийн хувьцааг худалдаж авсан ч өнөөдрийг хүртэл нэр дээрээ шилжүүлж чадаагүй асуудал. Үүний шалтгаан нь нөгөө 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Сайнбилэг гэх хүн 2018 онд өөрийн хувьцаагаа н.Батзориг хүнд гэрээ хэлэлцээр хийж 2.5 тэрбум төгрөгөөр зарсан ч одоог хүртэл нэр нь шилжүүлээгүй асуудал. Үүнээс шалтгаалж Б.Чинбатын зарсан хувьцаа миний нэр дээр шилжихгүй байгаа. Учир нь нөгөө хувьцаа эзэмшигчийн гарын үсэг шаардлагатай. Гэтэл нөгөө хувьцаа эзэмшигч маргаантай учир миний нэр дээр хувьцаа шилжих боломжгүй болчихсон гэсэн үг.

-Тус компанийн хувьцааг эзэмшдэг Ц.Батбилэг нь таны наймаа хийсэн Б.Чинбат гэх хүнийг сүрдүүлж, алуулах захиалга өгч байсан гэх мэдээлэл бий. Та энэ талаар сонсож байсан уу?

-Мэднэ ээ. Энэ талаар мэдэж байгаа олон хүмүүс бий. Надад Б.Чинбат гуай хувьцаагаа зарахдаа “Ах нь Ц.Батбилэгтэй муудалцаж, алуулах хэмжээнд хүрлээ” гэж хэлээд аудио бичлэг сонсгож байсан. “Хүүрийг нь олохгүй байвал хайлт нь удаан байдаг” гэх яриаг ч тэр бичлэгээс сонссон. Тэр яриаг сонсоод оргон зайлсан мэт харагдуулж байгаад байхгүй болгох гэж байна гэж ойлгогдсон. Тэр бичлэг дээр гарсан хоолой бол яах аргагүй Ц.Батбилэг ахын хоолой мөн байсан. Тэр бичлэгийг Н.Чинбат ах надад сонсгоод үнэн учраа хэлсэн. Ийм шалтгаантай учир зарах гээд байна гээд тайлбарласан гэсэн үг. Мөн би дахиж хамтарч ажилламааргүй байна гэдгийг ч тодотгож байсан. Тэр үед бид нар н.Батзориг хувьцааг нь худалдаад авчихсан байсан учир хууль ялна гэсэн итгэл найдвартайгаар хувьцаагаа худалдаж авсан.

-2021 ОНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 50 ХУВИЙН ХУВЬЦААГ АВСАН Ч ОДООГ ХҮРТЭЛ НЭР НЬ ШИЛЖЭЭГҮЙ-

-Худалдаж аваад төлбөр тооцоогоо хийчихсэн байхад нэрээ шилжүүлж өгөхгүй байгаа нь луйврын шинжтэй үйлдэл санагдаж байна. Хуулийн байгууллагад хандсан уу?

-2021 оноос хойш л хуулийн байгууллагаар явж байна. Ц.Сайнбилэг гэдэг хүн бидэнд луйвардуулсан мэт  мэдээллийг интернэт орчинд өгдөг. Гэхдээ Ц.Сайнбилэг гэдэг хүн бол бүх асуудлын зангилаа. Тус хүний хувьд твиттерт "Хулхидуулчихлаа, луйвардуулчихлаа, хууль, шүүхийн байгууллага худалдагдсан" гэж бичдэг. Ц.Сайнбилэг гэх хүн 2018 оноос хойш н.Батзоригоос таван тэрбум төгрөг авчихсан. Энэ бол 50 хувийн хувьцаанд хангалттай мөнгө. Тэгсэн хэр нь нэрээ шилжүүлж өгдөггүй. Мөнгөө авахдаа өөрийн төрсөн ах Ц.Батбилэг гэх хүний дансаар шилжүүлж авдаг.

Яг үнэндээ жинхэнэ эзэн нь Ц.Батбилэг гэх ах нь юм билээ. Шалтгааныг нь мэдэхгүй ч өөрийнхөө нэр дээр байлгах боломжгүй юм шиг санагдсан. 950 мянган долларыг заавал бэлэн мөнгөөр авна гэсээр байгаад 450 мянган долларыг нь авсан байдаг.

Харин үлдсэн мөнгийг нь хэл ам хийсээр байгаад ах нь гэх Ц.Батбилэгийн өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн. Одоо хуулийн байгууллагад хандахаар тухайн мөнгийг нь авсан өмгөөлөгч маань нас барчихсан, гэрч байхгүй гэдэг. Гэтэл энэ худал. Өмгөөлөгч нь амьд явж байгааг тогтоосон. Шалгалтын процесс үргэлжилж байна.

-Таны яриад буй Ц.Сайнбилэг гэх хүн татварын өрийн асуудлыг цахим сүлжээнд ярьдаг. Худалдаж авсан уурхайн талбайд үнс л үлдэж. Чухам юу болов.

-2021 оноос хойш л маргаантай явж байна. Ц.Сайнбилэг гэх хүн 600 гаруй гомдол өргөдөл гаргасан байдаг. Түүний 100 гаруй нь зөвхөн татварын байгууллагад хандсан байдаг. Шалтгаан нь энгийн. Худалдаж авсан биднийг хорлож буй үйлдэл. Манай компанийн татварын өр гэхэд ийм бага байх ёсгүй гээд өргөдөл гаргаад яваад байдаг. Үүнээс болж татварын байцаагч нар татвараа төлөхгүй бол нүүрсээр чинь төлүүлнэ гээд акталчихдаг.

“ХУУЛЬ ЯЛНА ГЭСЭН ИТГЭЛ НАЙДВАРААР ХУВЬЦААГАА ХУДАЛДАЖ АВСАН

-Энэ уурхайд та хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар хэмжээний үйл ажиллагаа явуулсан бэ? 

-Яг наад асуудал чинь үүсээд байгаа юм. 2018 онд Ц.Сайнбилэг, 2021 онд Б.Чинбат гуай хувьцаагаа тус тус зарсан. Ингээд энэ уурхай шинэ эзэнтэй болж шинээр ажиллаж эхлэх болсон. Өмнө нь хамтарч ажиллаж байсан, харилцаа сайтай байсан хүн учраас шилжүүлээд өгчих байх гэсэн итгэл үнэмшлээр 20 гаруй тэрбум төгрөгөөрөө уурхайн хөрсийг хуулж, өрөм тавьж тэсэлгээ хийсэн. Уурхайгаас 50 метр шороог авч дууссаны дараа доороос нь тавхан метр нүүрс гардаг. Бид бүх мөнгөө гаргаж байгаад 50 метр шорооны 30 метрийг нь гаргачихсан. Бүх зардал хөрс хуулалтандаа явдаг. Хөрс хуулалт хийсний дараа дороос нь нүүрсээ гаргах гээд байна шүү дээ. Гэтэл Ц.Батбилэг, Ц.Сайнбилэг нар "Энэ уурхайг хятад хүмүүст зарна. Зардал гаргахгүй нүүрс гаргаж авах боломжтой учир 5 сая доллараар зарна" гэж ярьдаг. Хувьцаа нь өөрсдийнх нь нэр байгаад байгаа учир тэгэж ярьдаг байх. 

-Ц.Батбилэгтэй нүүр тулж уулзаад "Миний эрх зөрчигдөж байна. Та уурхайг шилжүүлж өгөөч" гэхээр ямар хариулт өгдөг вэ? 

-"Б.Чинбатын хувьцааг чи авсан юм чинь ахтайгаа хамтраад ажиллачих, Батзоригт хувьцаагаа өгөхгүй" гэдэг. Тэгэхээр нь би "За та өөрөө Батзоригийн хувьцааг зохицуулах юм байна. Нүүрсээ зарахдаа миний гаргасан зардлыг хасна биз дээ" гэж хэлэнгүүт "Юу гэж тэгэх юм. Энэ уурхай ийм л байсан" гэдэг. Бурхан ирээд хөрсийг нь хуулаад өгчихсөн юм шиг улаан, цагаан хэлдэг. 

-Мөнгийг нь авчихсан шүү дээ? 

-Мөнгө авчхаад цагдаа сэргийлэхээрээ явна биз гэж хэлдэг. 

-Энэ бүхний цаад учир шалтгааныг та юу гэж харж байгаа вэ? 

-Учир шалтгааныг таван жилийн дараа ойлгож эхэлж байна. Тэр юу вэ гэхээр Батзориг гэдэг хүний мөнгийг авчихсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж байна. Б.Чинбат гэдэг хүний хувьцааг би авчихсан. Энэ хэргийг ч шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж өөрөө ганцаараа хөрсийг нь хуулчихсан байгаа нүүрсний уурхайд шинэ наймаа хийгээд зарах гэж байгаа юм байна. Хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байгаа. Шүүгч эхнэртэй, сэргэлэн ах юм байна.

-Таван тэрбум төгрөгөөс гадна бартер хэлбэрээр өгсөн хөрөнгө бий юу? 

-Намайг анх хувьцаа авах гэхэд "Надад 35 мянган нүүрс гаргаж өг. Учир нь нэг сая 500 мянган доллараар обьект худалдаад авчихсан байгаа. Тэрнийхээ үлдэгдлийг өгч дуусгамаар байна" гэсэн. Тэгэхээр нь "За ойлголоо" гээд Б.Чинбат захиралтай гэрээ хийгээд авах нөхцөл дээрээ уурхайгаас 35 мянган тонн нүүрсийг Ц.Батбилэгээр дамжуулж Их хуралдай гэх компанид өгөх гэрээг хийгээд өгсөн. Б.Чинбат захирлын тооцоог хийж дуусгаад Ц.Батбилэгт уурхайгаас нүүрсийг нь гаргаж өгсөн. Гэтэл энэ хүн Их хуралдай компанийн дансаараа биш хувийн дансаараа аваад хятад руу экспортлосон. Хууль зөрчсөн. Ц.Батбилэг нь надаас бартераар нүүрс авсан. Гэтэл төрсөн дүү Ц.Сайнбилэг нь ахынхаа авсан нүүрсийг намайг авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгэнгүүт би цагдаагийн байгууллагад гомдол гаргахаад энэ хоёр очоод "Би өөрийнхөө уурхайгаас нүүрс авсан" гэж тайлбарладаг. Нэг юмыг дөрвөн талаас нь тайлбарладаг. Манай гомдлыг хүлээж авсан шалгадаг цагдааг АТГ-т өгч шалгуулдаг. Прокурорыг ч мөн АТГ, ёс зүйн хороонд өгч сунжруулдаг. Хуулийн байгууллагаар явбал баттай хоёр жил явна гэдэг яриа байдаг. Харин энэ ах 10 жил явж үзүүлэх гээд байх шиг байна.