М.Ганхүлэг: Бид ялж чадаагүй хүнээ Ерөнхий сайд болгочхоод явж байгаа

М.Ганхүлэг: Бид ялж чадаагүй хүнээ Ерөнхий сайд болгочхоод явж байгаа

Саяхан АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намын даргаас Л.Гантөмөрийг чөлөөлж, О.Цогтгэрэлийн Ардчилсан намын даргаар сонгосон. Өдгөө Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал болж, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхийг хүлээж буй. 

Харин АН-ын энэхүү дотоод сонгуулийн дараа МАН-ын бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн даргаа сонгоно гэсэн хүлээлт бий. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос намын Бага, Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. 

Тэгвэл удахгүй болох МАН-ын дотоод өрсөлдөөний талаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн М.Ганхүлэг "Өдрийн сонин"-ы Даваа гаргийн дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрээр, "Одоогийн намын дарга /Л.Оюун-Эрдэнэ/ бол ялсан намын дарга. Улс төрийн нөхцөл байдал ийм болоод л намын даргыг нь авах тухай ярьж байгаа юм шиг боловч үндсэндээ энэ хүн өнгөрсөн сонгуульд дийлэнх олонхын саналын буюу 68 гишүүнийг ялуулж чадсан. Тийм болохоор энэ хүн намын дүрмээрээ явах ёстой.

Гэтэл бид ялалт авч ирсэн биш, ялж чадаагүй хүнээ хүртэл Ерөнхий сайд болгочхоод явж байгаа тохиолдол байна. Ингээд нарийн бодмоор, ярилцмаар зүйлүүд бий.

Хувь хүнийхээ хувьд надад өмнөх үеийнхээ хүмүүстэй ямар нэг буруу зөрүү харилцаа байхгүй. Гэхдээ аль нэг хүн гэхээсээ илүү зарчим, намын дүрэм урам, үнэт зүйлээсээ гажихгүйгээр, намын гишүүдийнхээ нийтлэг үнэт зүйлийг хангаж, сонсож, ойлгосон байдлаар хурал хуйгаа хийгээсэй гэсэн хүлээлттэй байгаа. Үүнийгээ өөрийнхөө хэмжээнд шахна. Зарим гажуудлыг бид бий болгоод яваад байж болохгүй гэж бодож байгаагаа хэлэх нь зөв байх гэж бодож байна” гэжээ. Сонирхуулахад, М.Ганхүлэгийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дэмжиж, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, улмаар УИХ-ын гишүүн болгосон гэдэг.