С.Зориг агсны нэрээр 2000 онд үүсгэн байгуулсан Иргэний Зориг ногоон нам өдгөө Б.Батбаатар гэх хүний гэр бүл, ах дүүсийн “өмч” болсныг тус намын жагсаалтаар парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара шүүмжилж байв.
-Б.БАТБААТАР 2023 ОНД ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА БОЛЖЭЭ-
Угтаа бол Б.Батбаатар нь АН-ын гишүүн байсан бөгөөд 2008-2013 оны хугацаанд Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар ажилласан байсан гэдэг. Мөн Б.Батбаатар нь 2004-2008 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны парламентын сонгуулиар АН-ын дарга асан З.Энхболд түүнийг нэр дэвшүүлээгүй тул тэрээр Ардчилсан намаас гарч, З.Энхболдын эсрэг Баянгол дүүрэгт нэр дэвшиж байжээ. Харин 2023 оны аравдугаар сард Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын даргаар Б.Батбаатар бүртгүүлсэн байгаа юм. Гэвч Б.Батбаатар ИЗНН-ыг өөрийн ах дүүгийн нам болгожээ. Тодруулбал, Б.Батбаатар нь нэг эмэгтэй, долоо эрэгтэйтэй гээд эхээс наймуулаа.
Харин өдгөө Б.Батбаатарын төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б.Батхүү, Б.Батсайхан нар нь ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бол төрсөн дүү Б.Батхуяг нь тус намын Дэд даргаар ажилладаг байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "М.Нарантуяа -Нарагийн оронд Б.Батхуяг ИЗНН-ын Дэд дарга болсон байж магадгүй" гэх мэдээллийг өгч байна.
Товчхондоо, нэг айлын найман хүүхдийн таван хүүхэд ИЗНН-ыг удирдлагаар хангаж байна. Үүнийг Б.Батбаатар үгүйсгэдэггүй бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Үндэсний хороо 219 хүнтэй байх ёстойгоос тоондоо хүрээгүй байгаа. Нэг ёсондоо Үндэсний хороонд сонгогдох ёстой хүмүүсийн тоо нь гүйцэхгүй байгаа гэсэн үг. Тиймээс Үндэсний хороонд миний хамаарал бүхий хүмүүс байгаа эсэх нь нэгдүгээрт яригдах асуудал биш” гэж мэдэгдсэн байна.
-ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ОРОНД ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН Н.НОМТОЙБАЯРЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛЖ АЖИЛЛУУЛАХ УУ-
Тэгвэл Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газарт хамтарсан ИЗНН-ын Улс төрийн зөвлөл энэ сарын 01-нд /2025.09.01/-нд хуралдаж, "МАН-тай хамтран ажиллах гэрээ" байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Хуралдсан шалтгааныг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан “Засгийн газраас гарах санал”-тай холбон тайлбарлаж буй ч цаанаа өөр учиртай байдаг.
Тодруулбал, эрх баригч МАН Иргэний зориг ногоон намтай хамтарчхаад томилгоо хийх эрхийг нь өгөөгүйтэй холбоотой. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/-ыг хариуцан ажиллаж буй Б.Батбаатар нь өнгөрсөн сар /2025.08.22/-д яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон.
Харин Т.Золбаяр нь ажлаа авсан даруйдаа Б/221 тоот тушаал гаргаж Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогтыг чөлөөлж, оронд нь Ц.Уранчимэгийг томилсон байдаг. Д.Батцогтын хувьд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын баз бөгөөд "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүнээр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нэгэн юм.
Харин базыг нь ажлаас чөлөөлсөн гэж С.Бямбацогтын зүгээс Б.Батбаатар сайдад шахалт үзүүлж Засгийн газрын хурлаар жинхлэх байсан ТНБД-ын томилгоонд нь хаалт тавьсан, эдгээр нь ИЗНН-ыг Засгийн газраас гарах асуудлыг хөндөхөд хүргэсэн гэж байгаа. Үүнийг ч Б.Батбаатар өөрөө үгүйсгээгүй. Гэхдээ тэд Засгийн газраас гарах шийдвэрийг гаргах эсэхээс үл хамааран ирэх намар бужигнах МАН-ын улс төрөөс шалтгаалж өөрсдөө ч “жийгдэж” магадгүй байгаа юм. Тодруулбал, МАН Засгийн газарт АН-тай хамтарч, Иргэний зориг ногоон намыг хөөж гаргаад, тэдний оронд Үндэсний эвсэл, Н.Номтойбаярыг оруулж өөр салбар хариуцуулж магадгүй тухай мэдээлэл бий.