Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлээд байгаа. Энэхүү мэдээллийг ч Гадаад харилцааны яамнаас үнэн болохыг баталж, ар гэртэй нь холбогдож мэдээлэл өгч байгаа гэдгийг тодотгосон.
Тэгвэл ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдаад байгаа Ц.Тэгшээгийн ар гэрийнхэн түүний талаарх мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүссэн байна.
Эргэн сануулахад, ОХУ-ын хэвлэлд түүний талаар "31 настай Ц.Тэгшээ нь өндөр хамгаалалттай Лефортовын шоронд хоригдож байгаа боловч хэргийн талаар албан ёсны мэдээлэл хараахан нийтэд зарлагдаагүй байна. ОХУ-ын хуулиар тагнуулын хэрэг зөвхөн гадаад улсын иргэдэд хамаардаг ба Ц.Тэгшээг Монгол Улсын иргэн байх магадлалтай гэж үзэж байна. Тувагийн Соёлын яамны харьяа “Тувагийн Соёлын Өв” цахим хуудасны мэдээлснээр, Тэгшээ нь Монголын малчин айлд төрж өссөн бөгөөд 2010 онд Тувагийн Кызыл хот дахь Урлагийн коллежид элсэн орж, 2018 оноос хойш Тувагийн Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллажээ. Тэрбээр Тувад нэр хүндтэй урлагийн зүтгэлтэн бөгөөд инстаграм хуудсандаа 14,000 гаруй дагагчтай. Тэгшээгийн нийгмийн сүлжээний хаягууд Нэгдүгээр сарын 25-наас хойш шинэчлэгдээгүй. Харин эхнэр Куулар нь нөхрийгөө баривчлагдсан гэдгийг няцааж, тэрбээр “эцэг эх дээрээ очсон, тэнд сүлжээ байдаггүй” хэмээн тайлбар өгсөн байна" гэх мэдээлэл гарсан байдаг.