УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон. Гэвч тэрбээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлыг хэрхэх талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дав.Цогтбаатар гишүүний асуудлаар шүүхийн шийдвэр ШШГЕГ-т бичиг ирсэн. Одоо ШШГЕГ юу хийх вэ гэхээр тухайн хүнийг томилсон болон сонгосон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүнийг албан тушаалтан сонгодоггүй, томилдоггүй. Ард түмнээс сонгогддог. Тиймээс томилсон, сонгосон гэдэгт ямар хүн хамаарах юм бэ. СЕХ хамаарах уу гэдэг асуудлаар ХЗДХ-ийн сайдын хувьд бичиг холбогдох байгууллага руу бичиг явуулсан. Ер нь Дав.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал хуулийн мухардалд ороод, цаашид шийдвэрлэх аргагүй гацчихсан байна" гэлээ.