ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах албанаас хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ, хор уршгийн талаар өнөөдөр /2025.04.15/ мэдээлэл хүргэлээ.
ВИДЕО:
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг: Цагдаагийн ерөнхий газарт он гарснаас хойш мансууруулах бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан байна. 66 гэмт хэргийн 60 нь Улаанбаатар хотод, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн. Дээрх гэмт хэргүүдэд 24 этгээд холбогдсон. 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй хүн байсан байна.
-2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИСЫГ ХУРААЖ АВСАН-
Хар тамхитай тэмцэх газар Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын иргэн гаднын иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байна гэх мэдээлэл авсан. Энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж гэмт этгээдийг баривчлан, шалгахад 510 грамм мансууруулах үйлчилгээтэй, НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис байсан. Тус этгээдийг цагдан хорих арга хэмжээ авч шалгаж байна. Уг этгээд өмнө нь Хар тамхитай тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн.
Энэ мансууруулах үйлчилгээтэй бодис Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх маш хүчтэй донтуулдаг бодис юм. Тухайн бодисыг олж авахын тулд хүн ямар ч гэмт хэрэг үйлдэхэд хүрч болдог.
-ЭМЧИЙН ЖОРООР ОЛГОДОГ ЭМИЙГ УРВУУЛАН ХЭРЭГЛЭЖ МАНСУУРАХ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН-
Мөн Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Уг дөрвөн этгээдийн гуравт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг этгээдийг нь хязгаар тогтоох, таслан зогсоох арга хэмжээ авсан. Уг эм нь эмчийн жороор олгогддог эм юм. Тухайн эмийг хүүхэд залуучууд мансууруулах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд урвуулан хэрэглэж мансуурах тохиолдлууд илэрсэн.
Өвчин намдаах үйлчилгээтэй хоногт нэг ширхгийг уух зориулалттай эмийг 5-10 ширхгээр тарианы устай найруулж судсаар тарьж хэрэглэсэн тохиолдлууд бий. Энэ нь хүний эрүүл мэндэд маш аюултай.
Энэ төрлийн гэмт хэрэг 2022 оноос бүртгэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 13 өсвөр насны хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан байна.
-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ГҮТГЭХ ТОХИОЛДЛУУД ГАРДАГ БОЛСОН-
Сүүлийн үед хар тамхи хэрэглэгчид цагдаагийн албан хаагчдыг гүтгэж байгаа тохиолдлууд гарсан. Жишээлбэл, хураасан хар тамхиа цаашаа зарж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг гэх мэтээр гүтгэж байна. Энэ тал дээр мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг улирал бүр мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгадаг. Тиймээс Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй. Эдгээр хүмүүс тангараг өргөөд хар тамхитай тэмцэхийн тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж маш олон гэмт хэргийг илрүүлж байгаа.
Хар тамхитай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хар тамхийг устгах ажлыг улирал бүр хийдэг. Хар тамхи устгах бүрэлдэхүүнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар оролцож прокурорын хяналт дор устгалын ажиллагааг явуулдаг юм.