Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ

Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд зэргийн хүндрэлтэй байх төлөвтэй байна.

Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлагын байдал, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. Төлөвөөс харахад нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 5 хувьд хүндрэлгүй байх аж.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатар аймгийн зарим нутгаар мал өвөлжилт их болон нэн их хүндрэлтэй байх төлөв гарсан байна. Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөжээ. Мөн цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангах шаардлагатайг анхааруулсан байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө