Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 89 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Энэ жилийн зуншлага нийт нутгийн 50 хувьд гандуу байсан бол өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 47.5 гаруй хувьд хэтэрсэн байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан арваннэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 сум буюу нийт нутгийн 26 хувьд нэн их болон их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн хүчит тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлсэн байна.
Түүнчлэн 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малаа өвөлжүүлэх, хаваржуулах зорилгоор 1.5 сая тонн хадлан, 49.7 мянган тонн сүрэл, 105.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ. Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хүрээнд 657 худаг, уст цэгийг ашиглалтад оруулсан нь 3,285 өрх, 810 мянган га бэлчээр, 1.9 сая толгой малыг ундны усаар хангах боломж бүрдүүлжээ. Мөн 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгийн даатгалд хамруулсан байна. Харин төв суурин газрын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан орон нутагт 995.6 тонн, нийслэлд 10,802.9 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулж, одоогоор 3,091 тонныг агуулахад төвлөрүүлжээ.