Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд орж ирж байгаа тул ой тайгын захад амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдын хувьд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа. Тэгвэл энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол тоглоом биш, аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Манай улс 1980-аад оноос хойш хүрэн баавгайн тооллого явуулаагүй, тухайн үед 500 орчим баавгай тоологдож байв. Өнөөдөр орон нутгийн байгаль хамгаалагчид маань ямар ч хамгаалалтгүй, улаан гараараа баавгайтай тэмцэж, хувийн унаагаар дуудлагад явж байна. Иймд бид бусад улс орнуудын туршлагыг судалж, эхний ээлжинд орон нутгийн байгаль орчны газруудыг унтуулдаг буу, тусгай шүршлэгээр хангахаар зорьж байна. Мөн байгаль хамгаалагчдын шатахуун, томилолтын зардлыг шийдвэрлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөөс нэг тэрбум 88 сая төгрөг гаргахаар боллоо. Үүнээс гадна шаардлагатай байршилд баавгайг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгох асуудлыг ч мөн хэлэлцэж байна” гэлээ.