Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монгол Улс 1990-2025 оны хооронд 52.3 тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс 44.5 хувийг Нидерланд, 12.6 хувийг БНХАУ, 8.2 хувийг Сингапур Улсууд тус тус хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт хөрөнгө оруулалт 80 орчим хувь уул уурхайн салбарт орсон байна. Иймд яаж хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх талаар Засгийн газар өнөөдөр хэлэлцлээ. Цаашдаа Монгол Улс таван чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажиллана. Тодруулбал, Сэргээгдэх эрчим хүч, дата төв, нэмүү өртөг шингээх уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт гадны хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалт түлхүү татахаар боллоо. Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол боломжоор нь хангах, нэгэнт хөрөнгө оруулсан бол хамгаалах, урт хугацаанд үр ашгаа аваад гарах агуулгаар хөрөнгө оруулалтын хууль батлагдсан байгаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл Гадаадын худалдаа хөрөнгө оруулалтын агентлагт ирүүлж 30 хоногийн дотор хэрэгжүүлэх, шийдвэрлэх чиглэлийг нь холбогдох яам, орон нутагт өгч байна. 2030 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсгэвэрийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Өнөөдрийн хувьд 10 хувьтай байна. Иймд Засгийн газрын барьж байгаа бодлого бол нээлттэй, ил тодоор хувийн байгууллагуудыг өрсөлдүүлж байгаад цахилгаан станцаа орчин үеийн технологиор нь бариулах нь Монгол Улсын эрх ашиг юм. Эрчим хүчний үнийг чөлөөлөөд магадгүй нэг жилийн хугацаанд үнэ өсөх ч гэсэн хоёр дахь жилээсээ нийлүүлэлт ихэсч үнэ буцаад буурна. Гэхдээ энэ жилийн хувьд инфляц өндөр байгаа учир дулааны үнийг хөдөлгөхгүйгээр ачааллыг төсөв дээрээ авахаар болсон" гэв.