Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт даалгасан байна.
ВИДЕО:
Энэ талаар Н.Учрал “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчихаад хөөж явуулдаг улс байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой” гэлээ.
Мөн Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байгааг хэлэв. Тэрбээр “Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж, түүхий эдээр хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал” хэмээн онцоллоо. Уг асуудлыг энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, албажуулан ажиллах аж.