Г.Азжаргал: Нийслэлийн 8 хүнийг яллагдагчаар татан, 3 хүнийг цагдан хорьсон

Г.Азжаргал: Нийслэлийн 8 хүнийг яллагдагчаар татан, 3 хүнийг цагдан хорьсон

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд болж байна.  

Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "АТГ-аас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт дээр зарим мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгоогүй байна. Тиймээс бусдын овог нэрийг хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгье. УЕП-ын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна. Үүнээс, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн тендер, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөвтэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийтийн тээврийн зургаа, замын салбарын дөрөв, барилгын салбарын дөрөв, эрчим хүчний салбарын тав, усны салбарын таван гээд нийт 24 төсөл хөтөлбөр байгаагаас 11-д нь санхүүжилт олгоогүй бол 13 төслийг эхлээд явж байгааг шалгаж байна. Шалгалтын явцад 30 дансны 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар  татан, гурван хүнийг цагдан хорьсон байна. 

НЗДТГ, НИТХ болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын мэдээллийг өгье. Өнгөрсөн 2024 онд нийслэлд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийг хянаж, 80 мэдүүлэг гаргагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 198 сая төгрөгөөс дээш ХОМ мэдүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд 821 нийтийн албан тушаалтныг хянаж, 693 албан тушаалтныг зөрчилгүй, 98 албан тушаалтан томилогдвол зөрчил үүсч болохуйц, зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж сануулж, хүргүүлсэн. Энэ онд 310 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, 257 нь зөрчилгүй, 22 хүнийг анхааруулж, гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж хүргүүлсэн" гэв.

ВИДЕО: