Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэдний дараа Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Найдалааг, Боловсролын сайдад Б.Энх-Амгаланг дэмжээд байгаа билээ.
Тэгвэл уг томилгоотой холбоотойгоор ХҮН намын Удирдах зөвлөл 5 цаг гаруй хуралдаж, Эрчим хүчний сайдад хэнийг дэмжихээ сонгохоо ярилцсан байна. Тодруулбал, “УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Эрчим хүчний сайдад нэр дэвших хүсэлтээ гаргасны дагуу сунгаа явуулжээ. Нэр дэвшигчид товч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, удирдах зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлж, санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд Удирдах зөвлөлийн олонхын дэмжлэгийг П.Ганзориг авсан байна. Гэвч МАН-тай хийсэн тохироо, ХҮН намын улс төрийн дэмжлэг Б.Найдалааг Эрчим хүчний сайдад дэвшүүлэхээр тогтжээ. Намын улс төрийн шийдвэр нь Удирдах зөвлөлийн олонхын шийдвэрийн эсрэг гарсанд П.Ганзориг гишүүн төдийгүй түүнийг дэмжсэн Удирдах зөвлөлийн гишүүд ихээхэн гомдолтой байгаа” гэв.
П.Ганзоригийн хувьд ХҮН намын генсекээр сүүлийн 5 жил үр дүнтэй ажилласан, одоо УИХ дахь ХҮН намын Зөвлөлийг даргалж буй зэрэг нь Удирдах зөвлөлийнхөө олонхын дэмжлэгийг авахад хүчтэй нөлөөлсөн гэх мэдээлэл байна. Гэтэл эцсийн мөчид олны дэмжлэг авсан П.Ганзориг биш Б.Найдалааг Эрчим хүчний сайдад дэмжсэн нь тус намын Удирдах зөвлөлийн гишүүдийн бухимдлыг төрүүлж эхэлсэн байна. Үүнээс болж ХҮН нам дахь гомдогч нэгээр нэмэгдэх үү гэдэг зовлон Т.Доржханд даргад тулж иржээ. Б.Найдалаагийн хувьд наадамтай зүйрлэвээс “шороотой бөх туг тойрох”-той адил байдлаар сайдын сэнтийд хүрэхээр болжээ.